Улаанбаатарыг 14 хот болгон хуваах хуулийн өөрчлөлтийг 2026 оны зургаадугаар сарын 1 хүртэл хойшлуулахыг УИХ-ын чуулганаар дэмжлээ

Улаанбаатарыг 14 хот болгон хуваах хуулийн өөрчлөлтийг 2026 оны зургаадугаар сарын 1 хүртэл хойшлуулахыг УИХ-ын чуулганаар дэмжлээ

Засгийн газраас өргөн мэдүүлсэн Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр /2025.05.26/ УИХ-аар хэлэлцэн баталлаа.

Тодруулбал УИХ энэхүү хуулийн төслийн өөрчлөлтийг дэмжин баталлаа.

Ингэснээр 2026 оны зургаадугаар сарын 1-нээс өмнө Дархан, Эрдэнэт, Зуунмод, Хархорум, Багануур, Налайх гэсэн улсын зэрэглэлтэй зургаан хот, орон нутгийн зэрэглэлтэй 43 хот (үүнээс 14-ийг нь нийслэлд), дагуул дөрвөн хот (үүнээс гурвыг нь нийслэлд)-ыг байгуулахаар болж байна.

Эргэн сануулахад УИХ 2024 онд энэ хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан билээ. Ингэхдээ засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх хот, тосгоны удирдлага, зохион байгуулалтын эрх зүйн үндсийг тодорхойлж, хотын зэрэглэл тогтоох шалгуур, хот, тосгоны удирдлагаас засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага болон аж ахуйн нэгж, байгууллага, оршин суугчидтай харилцах харилцааг зохицуулж 2025 оны зургаадугаар сарын 1-нээс мөрдөхөөр тусгасан юм. Үүний дагуу ирэх зургаадугаар сарын 1-нээс өмнө Дархан, Эрдэнэт, Зуунмод, Хархорум, Багануур, Налайх гэсэн улсын зэрэглэлтэй зургаан хот, орон нутгийн зэрэглэлтэй 43 хот (үүнээс 14-ийг нь нийслэлд), дагуул дөрвөн хот (үүнээс гурвыг нь нийслэлд)-ыг байгуулах ёстой байв. Гэвч хотуудыг шинэ зохион байгуулалтад оруулж амжихааргүй болсон учир Засгийн газраас хуульд өөрчлөлт оруулж хэрэгжих хугацааг нь нэг жилээр хойшлуулах саналаа УИХ-д өргөн барьсан юм.