С.Амарсайхан: Засгийн газар огцорсон асуудал огт байхгүй /ВИДЕО/

С.Амарсайхан: Засгийн газар огцорсон асуудал огт байхгүй /ВИДЕО/

МАН-ын Бага хурал өнгөрөгч лхавга гарагт /2025.05.21/ хуралдаж Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг огцруулж, дараагийн удаа МАН дангаараа Засаг барих шийдвэр гаргасан. Тэгвэл өнөөдөр /2025.05.26/ УИХ-ын гишүүн, Шадар сайд С.Амарсайхан мэдээлэл өглөө.

ВИДЕО:

Шадар сайд С.Амарсайхан: Төр Засаг тогтвортой байх, бодлого залгамж халаатай байх, хариуцлага нэгдмэл байх  асуудал хамгийн чухал. Төрийн алба, тэр дундаа төрийн өндөр албан тушаал гэдэг хэн нэг хүний хүсэл мөрөөдөл, бодол санаа хувийн амбицаар шийдэгддэг зүйл биш. Энэ нь УИХ, Үндсэн хуулийн байгууллага, улс төрийн нам хоорондын дотоод үйл ажиллагаа, бодлого шийдвэрээр шийдвэрлэгддэг. Миний хувьд төрийн албанд, аль ч цаг мөчид хариуцсан ажилдаа үнэнч бөгөөд хариуцлагатай, бодлоготой, тууштай аливаа зүйлд бодит үр дүн гаргахаар ажиллаж байгаа. Тиймээс бид асуудалд зөв хандах ёстой. Ямар нэгэн үндэслэлгүй ярианд автаж болохгүй. Засгийн газрын үйл ажиллагаа тогтвортой бөгөөд тууштай явах ёстой. Монгол Улсын хамтарсан Засгийн газар, Ерөнхий сайд хуулийн хүрээнд бүрэн эрхээ хэрэгжүүлээд ажиллаж байгаа. Улс төрийн нөхцөл байдал ээдрээтэй, янз бүрийн таамаг дэвшүүлсэн цаг хугацаа бий болсныг хэн ч үгүйсгэхгүй. Гэхдээ Монгол төрийн үйл ажиллагаа ямар ч үед тасралтгүй үргэлжилж байсан, цаашид ч үргэлжилнэ. АН-ыг хөөсөн асуудал байхгүй. Бага хурал гэдэг МАН-ын УИХ-ын чөлөөт цагт үйл ажиллагаа явуулдаг, улс төрийн шийдвэр гаргадаг бүтэц. Хамтарсан Засгийн газарт оролцсон намууд  гэрээний үүргээ биелүүлж байна уу, улс төрийн амлалт үүргээ зөрчиж байна уу гэдэг дээр үнэлэлт дүгнэлт өгсөн. Аль нэг намыг үгүйсгэж, улс төрийн хүчнийг хөөсөн зүйл байхгүй. Ерөнхий сайд улстөрч, хувь хүний хувьд байр сууриа маш тодорхой илэрхийлсэн гэж бодож байгаа. Орлого нотолно гэдэг хуулийн байгууллагат очсон бол хянана, шалгана, нотолно гээд нэг өдөрт шийддэг асуудал биш.