Өнгөрсөн баасан гарагт АИ 92 шатахууны үнийг 200 төгрөгөөр нэмсэн. Тэгвэл шатахууны үнэ нэмэгдсэн асуудлаар Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Ц.Туваан сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
Тэрээр “Үнийн зөвлөлийнхөн тавдугаар сарын 5-нд уулзаад 25-нд дахин уулзаж нөхцөл байдлыг яръя гэсэн боловч нефть импортлогч компаниуд энэ ярианаасаа буцаж гэнэт үнээ нэмсэн. Ярьж тохирсноосоо буцаж болохгүй. Манай авдаг нефтийн үнэ нэмэгдээгүй. Дизель түлш харин ч тонн тутам 100 ам.доллароор буурсан. Импортлогч компаниуд валютын ханш өссөн учраас АИ92 шатахууны үнийг нэмсэн гэж байгаа. Өнөөдөр Үнийн зөвлөлийнхөн дахин уулзана. Төр, яамны зүгээс шууд авч хэрэгжүүлэх арга хэмжээ байхгүй. Бид зөвшилцөж асуудлаа шийддэг. Мөн бид ШӨХТГ-т хандсан байна. Хэрвээ торгууль оногдуулна гэвэл бид дэмжинэ.
Улс төрийн нөхцөл байдал ийм байхад нефть импортлогчид хүлээж болох байсан. Улс төрийн нөхцөл байдалтай давхцуулах шаардлагагүй. Ихэнх импортлогч компаниуд утсаа аваагүй. Шунхлай компани утсаа авч АИ92-оос бусад бүтээгдэхүүний үнийг 200 төгрөгөөр бууруулна гэж хэлж, хэлсэндээ хүрсэн. Шатахууны үнийг хэвийн байдалд нь оруулахын төлөө ажиллана” гэлээ.