Энэ сарын 14-нд эхэлсэн “Огцрох амархан” тайван жагсаал 10 дахь өдрөө үргэлжилж байна. Жагсаалд оролцож буй залуучууд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг улс төр, ёс зүйн хариуцлага хүлээж огцрохыг шаардаж байгаа юм. Учир нь түүний хүү О.Тэмүүлэнгийн найз охиндоо Lexus RX загварын автомашин, очир алмаазан бөгж, өндөр үнэтэй брэндийн хувцас, цүнх бэлэглэсэн гэх мэдээлэл ил болсон нь олон нийтийн бухимдлыг өдөөсөн.
Нөгөө талаар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ МАН-ын Бага хурлын өмнө “Хамтарсан Засгийн газрыг дэмжихгүй бол огцорно” гэж албан бусаар мэдэгдсэн талаар мэдээлэл гарсан. Гэтэл лхагва гараг /2025.05.21/-т болсон МАН-ын Бага хурлаас “Ардчилсан намыг Засгийн газраас хасах” шийдвэр гаргасны дараа ч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огцрох өргөдлөө УИХ-д өргөн бариагүй байгаа нь олон нийтэд эргэлзээг төрүүлж байна. Ямартай ч энэ амралтын өдрүүдэд улс төрийн хүрээнд дараагийн Ерөнхий сайд хэн байх, түүний танхимд хэн багтах гээд олон асуудал дээр тохирч, ирэх долоо хоногт МАН-ын Бага хурал, Их хурал хуралдах товтой байна.
-“АВГА АХ” Х.НЯМБААТАРАА “АВААД ЯВ” ГЭЖ ИРГЭД Л.ОЮУН-ЭРДЭНЭЭС ШААРДАЖ ЭХЛЭВ-
Гэхдээ иргэд зөвхөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг бус, түүний “авга ах” болох Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарыг мөн огцрохыг шаардаж “Нямбаатараа аваад яв” гэсэн уриа дэвшүүлж эхэллээ. Учир нь тэд төрсөн ах дүү биш ч, үеэлүүд юм. Тодруулбал, “Х.Нямбаатарын аав А.Хишгээгийн төрсөн эмэгтэй дүү А.Оросоогийн хүү А.Буянтогтох нь Л.Оюун-Эрдэнийн төрсөн дүү Б.Баярнэмэхийн төрсөн аав юм” гэж “Эргэлт” сэтгүүл мэдээлжээ.
Иймд Л.Оюун-Эрдэнээс хоёр насаар ах гэдэг Х.Нямбаатар түүний “авга ах” нь болж таарна.
Мөн Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар хоёрын улс төрийн замнал нь зэрэгцэн өрнөсөн. Тэд 2016 онд хоёулаа УИХ-ын гишүүнээр сонгогдож, МАН доторх “Шударга 5”-ын голлох гишүүдийн нэг болж, тухайн үеийн намын дарга М.Энхболдыг огцруулах хөдөлгөөнийг манлайлж, хамтран оролцсон. Ингээд М.Энхболдыг огцруулаад Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Ерөнхий сайд болсон бол Х.Нямбаатар Хууль зүй, дотоод хэргийн сайд, Улаанбаатар хотын дарга болсон.
Х.Нямбаатар УИХ, Засгийн газрын гишүүнээсээ сайн дураараа татгалзан, Л.Оюун-Эрдэнийн санал, дэмжлэгтэйгээр нийслэлийн Засаг даргаар томилогдсон. Х.Нямбаатарыг 2023 оны 10 дугаар сард хотын даргаар томилогдоход нь Л.Оюун-Эрдэнэ өөрийн биеэр очиж, хотын захирагчийн тамгыг түүнд гардуулж өгч байлаа. Харин М.Энхболдыг унагаах жагсаалаас хойш улс төрийн шат нь хурдтай ахисан Х.Нямбаатарын авир, дарангуйлал, захиргаадалт нь иргэдийн дургүйцэл, эсэргүүцэлтэй тулгарах болсон тул Л.Оюун-Эрдэнэ огцрохдоо авга ах Х.Нямбаатараа “аваад яв” гэхэд хүргэжээ.
-УТАА, ТҮГЖРЭЛ ШИЙДЭХ ЧИГЛЭЛИЙГ Л.ОЮУН-ЭРДЭНЭЭС АВСАН Х.НЯМБААТАР “МАШИН БАЙХГҮЙ БОЛ АСУУДАЛ БАЙХГҮЙ” АРГААР ДАРАМТАЛЖ, ДАРАНГУЙЛЖ ЭХЛЭВ-
Х.Нямбаатарыг хотын даргаар томилогдоход түгжрэлийн асуудлыг шийдвэрлэх, агаарын бохирдлыг бууруулах чиглэлд бодитой алхам хийх үүргийг Л.Оюун-Эрдэнэ өгч байв. Гэтэл тэрбээр утааны эсрэг бодиттой ажил хийгээгүй ч, түгжрэлийг бууруулахын тулд “хүн байхгүй бол асуудал байхгүй” гэдэг Сталинч аргаар “машин байхгүй бол асуудал байхгүй” гэх аятай ажиллаж эхэлсэн.
Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө эзэмших, захиран зарцуулах, өөрийн эх орондоо чөлөөтэй зорчих бүрэн эрхтэй, чөлөөтэй. Товчхондоо, автомашин эзэмших нь иргэдийн буруу огтоос биш. Харин тэдний эрүүл аюулгүй, тав тухтай орчныг бүрдүүлэх нь төрийн үндсэн үүрэг.
Гэтэл Х.Нямбаатарын удирдлага дор автомашины албан татвар болон авто зам ашигласны төлбөрийг тав дахин нэмэгдүүлсэн. Тодруулбал, Приус автомашины татвар 36,000 төгрөгөөс 108,000 төгрөг болж нэмэгдсэн. Мөн автомашиныг насжилтаар ялгаварлаж 2025 оны 6 дугаар сарын 1-нээс эхлэн 10 жилээс дээш насжилттай автомашинд дугаар олгохгүй гэсэн шийдвэр гаргасан. Энэ нь иргэдийн хөдөлмөрлөж олсон хувийн өмчийг үнэгүйдүүлж, иргэдийн амьдрах, зорчих, өмчлөх эрхийг шууд зөрчиж буй захиргаадалт юм. Х.Нямбаатар хотын төвд автомашинтай зорчиход “төлбөртэй бүс” байгуулах санал оруулсан.
Улмаар Х.Нямбаатар хотын даргаар ажиллах хугацаандаа иргэдийн үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хотын ажилд саналаа нэмэрлэх эрхийг боомилж ирсэн. Тухайлбал, 2024 оны 12 дугаар сарын 18-нд сэтгүүлчдийн асуултад хариулахгүй, хэрүүл маргаан үүсгэсэн үйлдэл нь мэдээлэл авах эрхийг хязгаарласан хэрэг хэмээн Монголын сэтгүүлчдийн холбооноос мэдэгдсэн. Мөн Х.Нямбаатар уламжлалт анагаах ухааны эмнэлгийн үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргаж, шүүхээс түүнийг түдгэлзүүлэх шийдвэр гаргасан ч үл тоож, газрыг дуудлага худалдаагаар зарж борлуулах гэж оролдсон. Энэ нь захиргааны шийдвэрт шүүх хяналт хэрэгжих үндсэн зарчмыг зөрчиж буйг харуулсан юм. Товчхондоо, Х.Нямбаатар нийслэлд амьдарч буй бүхнийг даргалж, захирч болно гэж үзэн, хүн бүрийг захирах гэсэн үйлдэл гаргаж байгаа нь түүний “аваад яв” гэж уриалахад ч хүргэсэн байх талтай юм.