Ардчилсан намын Улс төрийн зөвлөл өчигдөр /2025.05.22/ Төрийн ордонд хуралдсан. Улмаар Засгийн газарт хамтарсан гурван намын дарга болох МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, Ардчилсан намын дарга Л.Гантөмөр, ХҮН намын дарга Т.Доржханд нар уулзаж гэрээгээ дүгнэхээр болсонтой холбоотойгоор түр завсарлуулсан юм.
Ардчилсан намын хувьд МАН-ын Бага хурлын тогтоолыг сургаар бус албан ёсоор авч хэлэлцэх шаардлагатай гэж үзэж байгаа аж. Мөн хамтарсан Засгийн газраас гарах асуудлыг гэрээгээ дүгнэж, албан ёсоор цуцалсны дараа шийдвэрлэнэ гэсэн байна.
Харин МАН Бага хурлын шийдвэрээ албан бичгээр Ардчилсан намд одоог хүртэл ирүүлээгүй байна. Хэрвээ ирвэл Улс төрийн зөвлөл үргэлжлүүлэн хуралдаж Үндэсний бодлогын хорооны хуралдааныг товлох юм. Тус хурлаар Л.Гантөмөрийг Ардчилсан намын даргаас чөлөөлөх, дүрмийн шинэчлэл зэрэг асуудлыг хэлэлцэх юм. Тус намын дараагийн даргын сунгаа аль хэдийн эхлээд байна.