Л.Гантөмөр: Би одоо Л.Оюун-Эрдэнэд гэрээгээ сануулж, “Битгий гүтгээд бай” гэж сануулна

Л.Гантөмөр: Би одоо Л.Оюун-Эрдэнэд гэрээгээ сануулж, “Битгий гүтгээд бай” гэж сануулна

МАН-ын Бага хурал өчигдөр /2025.05.22/ хуралдаж, хамтарсан Засгийн газрыг огцруулж, дараагийн удаад МАН дангаараа засаглах шийдвэрийг гаргасан. Энэ асуудалтай холбогдуулан АН-ын дарга Л.Гантөмөрөөс байр суурийг нь тодрууллаа.

Тэрбээр, "АН Улс төрийн зөвлөлөө хуралдуулна. Дөрвөн жил засаглахдаа намуудынхаа дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийг хольж, улс орныхоо эрх ашгийг нэгт тавьсан бодлого хэрэгжүүлэх нь л чухал байсан. МАН энэ үзэл санаанаас урвачихлаа гэж харж байна. Цаашдаа АН хүчтэй сөрөг хүчний ажлаа хийгээд явна. Бид хуралдаад дараагийн хариуцлагуудаа ярина. Улс төрийн зөвлөлд Үндэсний бодлогын хороогоо хуралдуулах санал тавина. Хурдтай хөгжлийн төлөө зориг гаргаж явна гэсэн итгэлтэй байсан. МАН-ыг арай өөр нам болсон болов уу гэж горьдсон. Харамсалтай нь хэдэн албан тушаалын төлөө улсын эрх ашгийг уландаа гишгэлээ. Ирэх оны хөгжлийн төлөвлөгөөнд орсон төрийн албыг есөн хувиар бууруулах ажил МАН-ыг зочоочихов уу гэж харж байна. Түүнээс биш АН-ын хэдэн гишүүд үг хэлэх бол  байх зүйл. АН-ыг танихгүй гишүүн гэж байхгүй. АН-ын араншин шүү дээ. Төрийн өмчит компаниудын албаны орон тоог 15 хувиар бууруулж, бизнест эрх чөлөө өгч, төрөө хямгадья гэсэн санаа их цочрол болох шиг боллоо. Одоо 13:00 цагаас МАН-ын дарга Ерөнхий сайдтай уулзана. 

Гэрээнд мөрийн хөтөлбөрт тусгагдсан хөтөлбөрийн дагуу ажил хэрэг болгоно гэсэн. АН-ын дэвшүүлсэн гол хөтөлбөр нь эдийн засгийн эрх чөлөө байсан. Хамтарсан Засгийн газраас бид хэзээ ч урваагүй. Ерөнхий сайд урваагүй. ХҮН намын дарга ч урваагүй. Хамтарсан Засгийн газар нь зарим нэг талцалд дуртай хуучны МАН-ын гишүүдэд нийцээгүй юм болов уу гэж бодож байна. Хуучин МАН сэрж байгаа юм байна. Гэрээ зөрчигдсөн учраас АН дахиж хамтарсан Засгийн газарт орохгүй. АН гэрээгээ биелүүлээгүй гэдэг бол гүтгэлэг. Асуудлыг ярихдаа дандаа гүтгэлэг хэлбэрээр ярих нь буруу. Харамсалтай нь тийм ухаан МАН-аас гарсангүй" гэлээ. 

ШУУД ҮЗЭХ: