Т.Доржханд: ХҮН намаас сонгогдсон Ж.Золжаргал гишүүнд хариуцлага тооцно

Т.Доржханд: ХҮН намаас сонгогдсон Ж.Золжаргал гишүүнд хариуцлага тооцно

МАН-ын бага хурал өнөөдөр /2025.05.21/ хуралдаж, хамтарсан Засгийг хэрхэх талаар хэлэлцэнэ. Иймд Шадар сайд, ХҮН намын дарга Т.Доржхандаас байр сууриа илэрхийлжээ. 

Тэрбээр "Хамтарсан Засгийн газрыг байгуулах нь Монгол Улсын эрх ашиг гээд анхнаас нь зөв гэж ярьсан. Ийшээ явахгүй бол Монгол хөгжихгүй юм байна гэж Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг санаачилж, улсын 21 аймгаар гурван удаа тойрсон. Нийт 160 сумын иргэдтэй уулзсан. Үр дүнд нь нийт монголчуудын 50 гаруй хувь нь дэмжиж, Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийсэн. Хамгийн сүүлд 2023 онд АН-ын удирдлага солигдож, хэлцэлд хүрч, улсаа хөгжүүлэхийн төлөө бие биедээ дэгээ тавьдаг бус хоёр нам хоорондоо хэрэлддэг тогтолцоог халъя гэсэн. Үүний үр дүнд хамтарсан Засгийн газар байгуулагдсан. Хамтарсан Засгийн газарт ХҮН нам ороход сөрөг хүчин байх ёстой гэж шүүмжилдэг. Хэрвээ ХҮН нам Засгийн газартай хамтраагүй бол хүчтэй сөрөг хүчин байх байсан. Магадгүй орон нутгийн сонгуулиар олон суудал авах байсан нь үнэн.

Энэ бол ХҮН намын эрх ашиг. Тэрнээс Монгол Улсын эрх ашиг биш. Магадгүй Т.Доржханд хамгийн өндөр ретингтэй улстөрч байх байсан нь үнэн. Өнгөрсөн дөрвөн жил маш хүчтэй сөрөг хүчин хийж байсан. Энэ удаа Т.Доржханд чимээгүй болсон гэж ярьж байна.

Наймуулаа парламентад суудал авч, хүчтэй сөрөг хүчин болох байх гэсэн хүлээлт байсан нь үнэн. Гэхдээ Т.Доржханд, ХҮН намын өөрийн ретингээс биш Монгол Улсын эрх ашиг дээр хатуу байр сууриа нэгтгээд явж байна. МАН-ынхан хариуцлагатай байцгаая. Та нар 100 жилийн түүхтэй гэж өөрсдөөрөө бахархаж, дүгнэдэг. Та нарын өмнө улс орны эрх ашиг байна уу, танай намын эрх ашиг байна уу. Дэлхий ертөнц үймээнтэй байгаа нөхцөл байдалд та нар эдийн засгийн хямралыг дангаараа гаталж чадах уу. Би чадахгүй гэж харж байна. Мөн МАН-ынхан парламентад 68 суудалтай. Бүгдээрээ бүх асуудал дээр ирээд кноп дарж чадах уу. Зургаан сар болоод л Засгийн газар нь солигдоод байх уу. Энэ хэнд хэрэгтэй вэ. Парламент чадамжгүй учраас Ерөнхийлөгчийн засаглал руу оръё гэдэг  тоглоом руу орж байна. Монгол Улс ардчилсан, эрх чөлөөтэй улс байгаасай, иргэд нь үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлдэг байгаасай, эдийн засаг нь эрх чөлөөтэй, парламент нь бэхжээсэй гэж энэ шийдвэрийг гаргасан.

Өнөөдөр 14 мега төслийн тав нь эхлээд явж байна. Өнгөрсөн 34, 75 жил гацсан төсөл өнөөдөр эхэлж байгаа нь үнэн. Би АН-ыг шүүмжилмээр байна.

Намын дарга нь гарын үсгээ зурж, олонхоороо шийдвэр гаргасан мөртлөө зарим гишүүд нь өнөөдөр сөрөг хүчин байх нь зүйтэй, Засгийн газраас гар гэж байна. Ийм байдлаар хандаж байгаа  нь асар буруу жишиг. Учир нь эх оронч үзлийн доор нуугдаж, том төслийг гацаадаг байсан бол өнөөдөр эрх чөлөөгөөр халхавчилж, олонхын шийдвэрийг дагахгүй, эрх ашгаа дагаж болохгүй. Муу хэлүүлж болно. Улстөрч хүн магтуулж, алга ташуулдаггүй. Улс орны эрх ашгийн талд байх ёстой. Хамтарсан Засгийн газар байх ёстой. МАН-ын Бага хурал нь хуралдах юм байна. 100 жилийн түүхтэй нам юм бол тулгатай байгаарай гэж хэлье. Гэрээн дээр хэн нэгэн гарын үсэг зурж, хамтарсан Засгийн газрыг огцруулна гэсэн тохиолдолд хүчингүй болно гэсэн зүйл заалт огт байхгүй. ХҮН нам болон АН-ын гишүүд жагсаал дээр очиж гарын үсэг зурсан. ХҮН намаас сонгогдсон Ж.Золжаргал гишүүнд хариуцлага тооцно гэдгээ хэлсэн байгаа. Хамтарч байгуулсан гэрээнд ийм зүйл заалт огт байхгүй. Манай намын хурал орой 17.30 цагт болж, гэрээгээ дүгнэнэ" гэв.