Л.Оюун-Эрдэнэ маргаашийн УЗ, Бага хурлыг хайрцаглах гэж үзэх ч 70 гаруй хувийг бүрдүүлдэг Д.Амарбаясгалангийнхан түүнд итгэл хүлээлгэхгүй

Л.Оюун-Эрдэнэ маргаашийн УЗ, Бага хурлыг хайрцаглах гэж үзэх ч 70 гаруй хувийг бүрдүүлдэг Д.Амарбаясгалангийнхан түүнд итгэл хүлээлгэхгүй

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар өнгөрсөн амралтын өдрийн ням гарагт уулзсан. Энэ уулзалтаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Чи одоо болноо. Иргэдийн бухимдал хоёр ч удаа дээд цэгтээ хүрч, жагслаа. Нийгмийн ямар ч дэмжлэггүй болсон. Одоо ажлаа өг. Эсвэл дангаараа Засгийн газраа байгуул" гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хэлсэн талаар эх сурвалж мэдээлэв. Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрт нь итгэл үзүүлэх эсэхийг намын Удирдах зөвлөл, Бага хурлаасаа асууя зэргээр байр сууриа илэрхийлжээ.  

ВИДЕО: 

-ОЛОН НИЙТ ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНИЙГ ХАРИУЦЛАГАА ХҮЛЭЭЖ ОГЦОР ГЭСЭН БОЛОХООС БИШ ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗРЫГ ТАРАА ГЭЖ ШААРДААГҮЙ-

Ингээд даваа гараг залгаж өглөө нь Ерөнхий сайдын өрөөнд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, МАН-ын бүлгийн дарга Л.Мөнхбаатар, ЕТГ-ын дарга Г.Занданшатар, Шадар сайд С.Амарсайхан нар уулзсан. Гэхдээ энд С.Амарсайхан юу хийж явсан нь сонин. Түүнийг дараагийн Ерөнхий сайдад УИХ-ын дарга Д.Амарбаясгалан зүтгүүлж байгаа ч Женко Х.Баттулгын худ, Оросын "БЭТ байж болзошгүй", нийтийн дэмжлэггүй, муу түүхтэй зэрэг олон үндэслэлээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дэмжихгүй байх магадлалтай. Энэ уулзалтын дараа МАН-ын бүлэг хуралдсан бөгөөд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бүлгийнхээ хуралд хүүгийнхээ тансаглалын талаар логик муутай товчхон тайлбар хийгээд цаашид хамтарсан Засгийн газар ажиллах эсэх асуудлыг намын Удирдах зөвлөл, Бага хурлаар шийдүүлье гэх санал гаргасан байдаг. Уг саналыг УИХ-ын гишүүн Б.Энхбаяр зэрэг зарим гишүүд эсэргүүцсэн ч олонхийн саналаар дэмжсэн. УИХ-ын гишүүн Б.Энхбаярын хувьд өчигдөр "Нэг гэр бүлийн асуудлыг намын байгууллагаар хэлэлцүүлэх шаардлагагүй. Ерөнхий сайд өөрөө хариуцлагаа хүлээгээд ажлаа өгчих" гэх байр суурийг илэрхийлсэн.

Энэ дагуу МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар Удирдах зөвлөл, Бага хурлыг маргааш /2025.05.20/ 15.00 цагт товлов. 

-ХАЙНААГ МАРГААШ ХАГАЛАХ Ч Д.АМАРБАЯСГАЛАНГИЙНХАН БАГА ХУРЛЫН ГИШҮҮДИЙН 70 ХУВИЙГ БҮРДҮҮЛДЭГ УЧИР Л.ОЮУН-ЭРДЭНЭД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХГҮЙ

Тодруулбал, Засгийн газарт АН, ХҮН намыг цаашид байлгах эсэхийг шийдье гэх саналыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гаргасан байгаа юм. Угтаа бол олон нийтийн бухимдлыг хамтарсан Засгийн газар бус Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрөө хүргэсэн, түүнийг хариуцлагаа хүлээж огцрохыг шаардаж байгаа. Гэтэл өөрөө бус Засгийн газарт хамтарсан хүмүүсээ явуулъя гэх зүйлийг ярьж буй нь өөрөө амьд үлдээд бусдыгаа зольж буйтай ялгаагүй. Бүлгийн хурал тарсны дараа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар Ерөнхийлөгчийн өрөөнд хоёр цаг уулзсан. Харин зэрэгцээд Ерөнхий сайдын өрөөнд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, МАН-ын бүлгийн дарга Л.Мөнхбаатар, Хотын дарга Х.Нямбаатар нар уулзсан бөгөөд тэдэн дээр Ерөнхий Л.Оюун-Эрдэнэ уулзалтаа дуусгаж орж ирээд үргэлжлүүлэн уулзсан. Уулзалт найран дундаа болж шөнө дөл хүртэл үргэлжилсэн. 

Ямартай ч маргааш 15.00 цагт МАН-ын Удирдах зөвлөл, Бага хурал хуралдаж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл үзүүлэх эсэх шийдвэр гарна.  Ингэхдээ Удирдах зөвлөл, Бага хурлаас дэмжлэг үзүүлэхгүй цаашлаад чуулган руу оруулж санал хураагаад Засгийн газрыг огцруулах нь нэгэнт тодорхой болжээ. Учир нь Бага хурлын гишүүдийн 70 орчим хувь нь УИХ-дарга Д.Амарбаясгалангийн хүмүүс. Тэгэхээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мянгантаа хайрцаглах гэж үзээд нэмэргүй бөгөөд Д.Амарбаясгалан, С.Амарсайханы фракц Л.Оюун-Эрдэнийг явуулж, дараагийн Ерөнхий сайдаар С.Амарсайханыг зүтгүүлэхээр байгаа юм. Тэд хоёр ба түүнээс дээш сонгогдсон гишүүдтэй уулзаж, сайдын тохироогоо аль хэдийн хийсэн гэж буй. Тэгэхээр маргааш Бага хурал дээр хайнаагаа хагална гэсэн үг. 

Монгол Улсын Үндсэн хуулийн 43.1-т Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавибал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ. Улсын Их Хурлын нийт гишүүний олонхи уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцож, шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилно гэж заасан байдаг. Харин энэ удаа МАН-ын дүрмээр шийдвэрлүүлэх нь.