Монгол-Францын Засгийн газар хоорондын комиссын хуралдаан Парис хотод болжээ. Хуралдааныг Францын талаас Европ, Гадаад хэргийн яамны Ерөнхий нарийн бичгийн дарга, хатагтай Анн-Мари Дэкот, Монголын талыг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал нар тэргүүлжээ.
Хуралдаанаар дараах асуудлуудад харилцан тохиролцоонд хүрсэн байна.
Үүнд:
-Дорноговь аймагт олон улсын итгэмжлэгдсэн лаборатори байгуулж цацраг идэвхит ашигт малтмалын хүн, мал, амьтан, хүрээлэн байгаа орчинд үзүүлэх цацрагийн нөлөөлөлд хийсэн хэмжилт, шинжилгээг давхар хяналтанд оруулах санал гаргалаа. Хөрөнгө оруулагч талын зүгээс итгэмжлэгдсэн лаборатори байгуулахыг дэмжин ажиллахаар тохиролцов.
-Төслийн дэргэд хараат бус хяналтын зөвлөлийг иргэний нийгмийн байгууллагууд, мэргэжлийн холбоод, орон нутгийн иргэдийн төлөөллийг оролцуулан байгуулж иргэний хяналт тогтоож, ил тод нээлттэй ажиллах нөхцлийг бүрдүүлж, олон нийтийн мэдэх эрхийг хангаж ажиллахаар тохиролцов.
-Хоёр улс Онцгой байдлын нисдэг тэрэг, техник төхөөрөмжийн туслалцаа, эрчим хүчний эс үүсвэрийг төрөлжүүлэх, боловсрол, соёлын хамтын ажиллагааг өргөжүүлнэ.
-Ажлын хэсгийн хуралдааны үеэр Монгол Улсын Иргэний нисэхийн ерөнхий газар, Бүгд Найрамдах Франц Улсын Иргэний нисэхийн ерөнхий газар хоорондын “Иргэний нисэхийн салбарт хамтран ажиллах тухай Техник хамтын ажиллагааны гэрээ”-нд гарын үсэг зурлаа.
-2026 онд Монгол Улсад зохион байгуулагдах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын 17 дугаар бага хуралд дэмжин оролцохоор тохиролцлоо.