“Бүгдээрээ гөлөг болно. Бацаан минь шударга ёсны жүжгээ зогсоо” гэж С.Эрдэнийн хэлсэн үг “орой руу орно" гээч болж байна

“Бүгдээрээ гөлөг болно. Бацаан минь шударга ёсны жүжгээ зогсоо” гэж С.Эрдэнийн хэлсэн үг “орой руу орно" гээч болж байна

АН-ын дарга асан С.Эрдэнэ 2019 онд УИХ-ын чуулганы танхимд “Парламентын дархлааг байхгүй болгочхоод та нар бүгдээрээ гөлөг болно. Та нар бүгдээрээ бүлдэгдүүлнэ. Миний энэ үг орой руу чинь орно” хэмээн хэлж байлаа.

ВИДЕО: 

Мөн С.Эрдэнэ УИХ-ын чуулганы танхимд Л.Оюун-Эрдэнэтэй маргалдаж, “бацаан минь шударга ёсны жүжгээ зогсоо” гэж байв. Харин тухайн үед олон хүн С.Эрдэнийн энэ үгийг улс төрийн сөрөг хүчний хийрхэл, согтуурхаж хэлсэн үг мэтээр хүлээж аваад өнгөрсөн. Гэвч өнөөдөр С.Эрдэнийн хэлсэн энэ үг ёстой л “орой руу орно” гэдэг нь болж байна.

-ХҮНИЙГ ҮР ХҮҮХЭДТЭЙ НЬ ХАМТ ГҮТГЭЖ ХАР МАССТ ХАЯЖ ӨГӨӨД, ӨӨРТӨӨ “ДАЙСАН БЭЛДДЭГ” ПИАРЫН ТЕХНОЛОГИ-

Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар ажилласан өнгөрсөн 5 жилийн хугацаанд олон нийтийн эсэргүүцэл, бухимдал хэзээ ч тасраагүй, жагсаал цуглаан дараалан гарсан гэхэд болно. Гэвч тэр бүрт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ асуудалтай нүүр тулж бус, арын хаалгаар хөнгөн бултаж, бухимдлыг “пиарын баг”-ийн уран хийцтэй гоёлоор баглаж ирсэн. 

Мөн Сүхбаатарын талбай дээр цугласан жагсагчдыг Төрийн ордон гороолон тойруулж байгаад амархан тараачихдаг технологид ч хуулийнхан гаршсан. Харин жагсаалаас үлдсэн цөөхөн хэдэн иргэдийг үл таних этгээдүүдээр доромжлуулж, хараалган зүхүүлж байгаад талбай дээрээс явуулчихдаг нь хэвийн үзэгдэл болсон. Улмаар Л.Оюун-Эрдэнийг шүүмжилсэн улс төрчдийг ямар нэгэн “бүлэглэл”-ийн хүрээнд хялбархан байрлуулж цоллоод, улмаар түүний үр хүүхдийг хүртэл сошиалаар довтлон, нэр хүндийг нь хар масст хаяж өгөн, унагадаг болсон.

Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн пиар бол энгийн нэгэн сурталчилгаа биш, “дайсан бэлдэх” технологиор явдаг гэхэд болно.

Тэрээр “60 тэрбумын М.Энхболд” хэмээх сэдвээр гараагаа эхлүүлсэн бол дараа нь Худалдаа хөгжлийн банкны эзэн Д.Эрдэнэбилэг, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржоор үргэлжлүүлсэн. Тодруулбал,  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ томоохон “дайснууд”-ыг ээлж дараалан олны өмнө гарган ирж, өөрийгөө шударга ёсны “төлөөх цор ганц тугч” мэтээр харуулдаг. Өөрчлөлт хийхээс илүүтэйгээр итгэл найдварын сэтгэлзүйн зах зээл дээр тоглолт хийдэг байж магадгүй түүнийг С.Эрдэнэ “бацаан минь шударга ёсны жүжгээ зогсоо” гэж хэлж байжээ. Хамгийн ноцтой нь хүн бүр мэддэг ч хэн ч ярихгүй болсон энэ технологи бол улс төрийн шинэ үеийн зөөлөн хүчирхийлэл юм.

ВИДЕО:

-Д.САРАНГЭРЭЛИЙН “УЛНЫХАН”, Л.ОЮУН-ЭРДЭНИЙН “ЯЛААНУУД”-ААР ҮРГЭЛЖЛЭВ-

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүү О.Тэмүүлэнгийн найз охин Ө.Өгөөмөртөө Lexus RX загварын автомашин, Chanel болон тансаг брэндийн цүнх, хувцас, очир алмаазан бөгж зэрэг өндөр үнэтэй бэлгүүдийг өгсөн байж болзошгүй мэдээлэл нийтлэгдэж, иргэд олон нийт Л.Оюун-Эрдэнийг орлогоо нээлттэй тайлагнахыг шаардаж, “Огцрох амархан” жагсаалыг хэдэн өдөр үргэлжлүүлэн хийж байна.

Гэтэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бямба гараг /2025.05.17/-т хийсэн мэдээллийнхээ үеэр хүмүүсийг “ялаанууд” хэмээн нэрлэсэн нь олон нийтийн шүүмжлэлд өртөөд байна. Харин Л.Оюун-Эрдэнийн "ялаанууд” гэсэн доромжлол нь Эрүүл мэндийн сайд асан Д.Сарангэрэлийн иргэдийг “улныхан” гэж нэрлэж, олон нийтийн дургүйцлийг төрүүлж байсан түүхийг давтав.

Тухайн үед Д.Сарангэрэл өөрийн хэлсэн үгнийхээ төлөө уучлалт гуйсан ч олон нийтийн итгэлийг сэргээж чадаагүй. Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ одоогоор иргэдээс уучлал гуйгаагүй байна.

Хэдийгээр олон нийтийн дургүйцэл нэмэгдэж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс ёс зүйн хариуцлага шаардах дуу хоолой чангарч байгаа ч түүнийг огцруулах эрх мэдэл нь зөвхөн Улсын Их Хуралд байгаа. Гэвч УИХ-ын гишүүдийн олонх нь “бүлдэгдүүлсэн” мэт энэ асуудалд чив, чимээгүй байсаар байна.

Тодруулбал, Монгол Улсын Үндсэн хуулийн 43.1-д Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавибал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ. Улсын Их Хурлын нийт гишүүний олонхи уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцож, шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилно” гэж заасан. Товчхондоо, иргэдийн жагсаал биш хуульд зааснаар Ерөнхий сайдыг огцруулах саналыг УИХ-ын гишүүдийн гуравны нэг нь гаргаж, олонхын саналаар баталснаар огцруулах боломжтой. Гэтэл өнөөдөр С.Эрдэнийн хэлсэнчлэн парламентын гишүүд ихэнх нь "гөлөг" болж "бүлдэгдүүлсэн" мэт чимээгүй суусаар байна.