Г.Очирбат: Х.Нямбаатар дарга та дотоодын аж ахуйн нэгжүүдийг дэмжихгүй байгаа бол “Монголчууд ажил хийж чаддаггүй юм аа” гээд үнэнээр нь хэлчих

Г.Очирбат: Х.Нямбаатар дарга та дотоодын аж ахуйн нэгжүүдийг дэмжихгүй байгаа бол “Монголчууд ажил хийж чаддаггүй юм аа” гээд үнэнээр нь хэлчих

УИХ-ын чуулган баасан гарагт /2025.05.16/ хуралдах үеэр УИХ-ын гишүүн Г.Очирбат “Сэлбэ дэд төв”-ийн бүтээн байгуулалтын тендертэй холбоотой асуудлыг хөндөж хотын дарга Х.Нямбаатараас асуулт асуужээ.

УИХ-ын гишүүн Г.Очирбат: Х.Нямбаатар дарга аа, Сэлбэ дэд төв дээр дөрвөн багц зарласан юм уу, таван багц тендер зарласан юм уу. Миний харж байгаагаар таван багц байсан юм шиг байна. 158 га газрыг чөлөөлсөн. Ажлын хэсэг дээр чинь энэ тендерийг 10-15 хуваагаад, дотоодын аж ахуйн нэгжүүдээ оруулчихья гэдэг шаардлага танд тавьсан юм билээ. Та “Үгүй ээ” гээд дөрөв тавхан багц болгож оруулж ирээд Монголын аж ахуйн нэгжүүд босго давахгүй байх нөхцөлийг та бүрдүүлсэн юм биш үү. Үнэхээр та дотоодын аж ахуйн нэгжүүдийг дэмжихгүй гэж байгаа юм бол “Монголчууд ажил хийж чаддаггүй юм аа” гээд үнэнээр нь хэл л дээ. Чадаж байвал дэмжинэ гэдгээ илэрхийл л дээ. Ер нь аль ч улс том бүтээн байгуулалтууд нь үндэсний том компаниа дэмжээд явдаг биз дээ.

-ДОТООДЫН АЖ АХУЙН НЭГЖҮҮД БИД ИЙМ ТОМ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД БЭЛЭН БИШ БАЙНА ГЭСЭН-

Хотын дарга Х.Нямбаатар: УИХ-ын гишүүн гэхээрээ камер микрофон аваад хүн гүжирдэж, гүтгэж, үндэслэлгүй баримт ярихгүй ээ. Ажлын хэсэг дээр надад ямар нэг тийм шаардлага тавьсан зүйл байхгүй. Хоёрдугаарт энэ өөрөө ансамбльтай босох хот гэдэг утгаараа зургаан багц ажил байгаа. Би энэ тендерийг зарлахаас өмнө Монголын барилгын салбарын үйлдвэрлэл эрхлэгчидтэй хоёр удаагийн уулзалт хийсэн. Монгол Улсад цемент үйлдвэрлэдэг, арматур үйлдвэрлэдэг аж ахуйн нэгжүүдтэй уулзсан. Бид аль болох дотооддоо ашиг орлого үлдээсэй гэдэг зорилгоор ажиллаж байгаа. Харамсалтай нь арматур, цемент үйлдвэрлэдэг компаниуд бүгд “Бид ийм том бүтээн байгуулалтад бэлэн биш байна” гэж хариулсан. Тээвэр ложистик, ажиллах хүч, эрчим хүчний хязгаарлалт гэдэг асуудлаас болж бид ашиг хүртэх нь бага байна гэж хариулсан. Бид ийм том бүтээн байгуулалтыг дотоодын компаниудыг оролцуулахын тулд адаглаад Замын-Үүд Эрээний замыг өргөтгөж засах, цементийн үйлдвэрүүдийн тогны хязгаарлалтгүй ажиллуулдаг болгох, ажиллах хүчийг нь хангалттай бий болгох хууль эрхзүйн орчныг бүрдүүлмээр байна.   




Өнөөдөр гахай өдөр

12 цагийн өмнө