Л.Оюун-Эрдэнэ: Хуулийн дагуу би орлогоо шалгуулна. Надаас хууль бусаар сэтэрхий тэвнэ, сиймхий хадаг олдвол хариуцлага хүлээхэд бэлэн байна

Л.Оюун-Эрдэнэ: Хуулийн дагуу би орлогоо шалгуулна. Надаас хууль бусаар сэтэрхий тэвнэ, сиймхий хадаг олдвол хариуцлага хүлээхэд бэлэн байна

Өнөөдөр /2025.05.17/ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Туулын хурдны замын бүтээн байгуулалтын үйл явцтай танилцсэн. Энэ үеэр түүнээс хүү, бэртэй нь холбоотой асуудлаар тодруулга авлаа. 
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Намайг говийн бүсэд ажиллах үед энэ явдал болсон. Мэдээллүүд авсан. Ирээд хүүтэйгээ илэн далангүй ярилцсан. Миний хүү бол 23 настай. Найз охинтой болсон нь үнэн. Найз охиных нь аав ээж, ар гэртэй миний хувьд танилцаж уулзаагүй байгаа. Хүнд хайр сэтгэлтэй болж, сүй тавьж бөгж бэлэглэсэн нь үнэн байна. Хүүгийнхээ хайр сэтгэлийн асуудалд хүндэтгэлтэй хандаж байна. Олон нийтийн зүгээс миний хүүг шүүмжилж байгаа байр суурийг зөв гэж үзэж байна. Хүн бүхэн хуулийн өмнө тэгш амьдрах хэрэгтэй. Орлогоо нотлох ёстой. Манай хүүгийн хувьд бол "Хүнтэй сүй тавих гэж байгаа. Мөнгө төгрөг хэрэгтэй байна" гэж яриагүй. Миний хөрөнгө орлогын мэдүүлэг дээр солигдоогүй хоёр компани байдаг. Нэг нь "Hero Entertainment"-ийн 50 хувь, нөгөө нь "Хүлэг контент" гээд компани байдаг. Эдгээр компаниудад миний хүү контент хийж нийлүүлж, ажилладаг. Хүү минь хувь хүнийхээ хувьд мэдээлэл хийх байх. Хүү маань орлогоо нотолж чадахгүй бол сүйн бөгж байсан ч хураалгах ёстой гэж хүүдээ хэлсэн. Олон нийтийг талцуулах зүйл болсонд хүлцэл өчиж, уучлал гуйж байна. Засгийн газраас хэд хэдэн багц арга хэмжээнүүдийг авч байгаа.Авилгалын ялын бодлогыг чангатгасан. Авилгал авсан нь нотлогдвол 12 жилийн ял авдаг болсон. Төрд ажиллаж байгаа хүн орлогоо нотолж чадахгүй бол улсын орлого болгох хуулийн төсөл боловсруулсан. Энэ асуудал УИХ-аар хэлэлцэгдээд батлагдчихвал энэ хардлага сэрдлэгтэй холбоотой бүх асуудал бүрэн шийдэгдэнэ. Тэр нь юу вэ гэвэл гэр бүлийн гишүүд хүн амын орлогын албан татвараа бүртгүүлдэг болно.
Нэгэнт ийм зүйл болсон болохоор би хуулийн дагуу бүх орлогоо шалгуулна. Үүнийг олон нийтэд нээлттэй тайлагнахыг хуулийн байгууллагуудаас хүснэ. Би хариуцлага хүлээхэд бэлэн байна гэсэн юм.