Ирэх онд эдийн засгийн өсөлтийг 6 хувьд хадгалахаар тооцжээ

Ирэх онд эдийн засгийн өсөлтийг 6 хувьд хадгалахаар тооцжээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн нэг дэх хэлэлцүүлгийг явуулж, хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороодод шилжүүллээ.

Улсын хөгжлийн төлөвлөгөөний төсөл дэх Бүсчилсэн хөгжлийн бодлого, Хүний хөгжлийн бодлого, Эдийн засгийн бодлого, Хүний эрхийг дээдэлсэн засаглалын бодлогыг хэрэгжүүлснээр 2026 онд эдийн засгийн өсөлтийг 6 хувьд хадгалж, 1 хүнд ногдох ДНБ-ийг 8090 ам.долларт хүрч, ядуурлын түвшин 5 хувиар буурна хэмээн тооцжээ. 

Ирэх онд хүний хөгжлийн бодлогын тэргүүлэх чиглэлийн хүрээнд ядуурал, тэгш бус байдлыг бууруулж, эрдэм боловсролтой, эрүүл монгол хүнийг хөгжүүлэхээр улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний төсөлд тусгажээ. 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарлаж, боловсролын чанар, хүртээмж дээшлүүлж, хөрөнгө оруулалтыг өсгөж, 108 сургууль, 95 цэцэрлэгээр нэмэгдүүлж, бүлэг дүүргэлтийг стандарт түвшинд хүргэж, “Хамгийн сайн цэцэрлэг, сургууль-гэрт ойр” хөтөлбөрийг хэрэгжүүлж, хот, хөдөөгийн боловсролын чанарын ялгааг арилгахаар холбогдох зорилтыг дэвшүүлж, хэрэгжүүлэх арга хэмжээг тусгажээ.

Эдийн засгийн бодлогын тэргүүлэх чиглэлийн хүрээнд “Хүн төвтэй” хөгжлийн үзэл санаанд нийцүүлэн бизнесийн орчны реформ ба чөлөөт эдийн засгийг цогцлоох зорилт дэвшүүлж, холбогдох ажлуудыг төсөлд тусгасан аж. Тэргүүлэх бодлогын дөрөв дэх чиглэл болох Хүний эрхийг дээдэлсэн засаглалын бодлогын хүрээнд хиймэл оюуныг төрийн бүх шатанд нэвтрүүлж, хүн төвтэй төрийн үйлчилгээг бий болгохоор зорьж байна гэж Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр хуралдаанд танилцуулав.