Манай улс 20 гаруй жилийн хугацаанд 23 мянган цэргийг НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд илгээгээд байна.
НҮБ-ын баримталж буй стратегийн чиг хандлагад нийцүүлэх зорилгоор цаашид ч үүрэг гүйцэтгэлийн чадавхыг нэмэх юм. Тухайлбал, энэ оны гуравдугаар сард БНӨСУ-д ажлын айлчлал хийж, UNMISS ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй энхийг сахиулагчдынхаа үүрэг гүйцэтгэлтэй биечлэн танилцан, шаардлагатай 24 техникийг шинэчилжээ.
Батлах хамгаалахын сайд С.Бямбацогт “Үүрэг гүйцэтгэж буй цэнхэр дуулгатан эмэгтэйчүүдийн оролцоог 15 хувьд хүргэн нэмж, 2023 оны уулзалтаар амласандаа хүрсэн”-ийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гуттериштай уулзах үеэрээ дуулгалаа. Дэлхийн геополитикийн нөхцөл байдал ээдрээтэй, адармаатай байгаа энэ үед Монгол Улс даян дэлхийн хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, НҮБ-ын өмнө тулгарч буй сорилт бэрхшээлийг хамтдаа даван туулахаа энэ удаагийн уулзалтаар илэрхийлсэн байна. Манай улс 2002 онд хоёр хурандааг Бүгд найрамдах ардчилсан Конго Улсад, нэг дэслэгч генералыг Баруун Сахарт анх энхийг дэмжих ажиллагаандаа үүрэг гүйцэтгүүлжээ. Үүний дараа Иракийн эрх чөлөө дайны дараах сэргээн босголт, олон улсын хүмүүнлэгийн ажиллагаанд цэргийн багийн бие бүрэлдэхүүн 2003 онд үүрэг гүйцэтгэж эхэлсэн юм.