Монгол Улсын Засгийн газрын 2025 оны нэгдүгээр сарын 14-ний хуралдааны 03 дугаар тэмдэглэл, 2025 оны нэгдүгээр сарын 22-ны хуралдааны 05 дугаар тэмдэглэл, Бүсчилсэн хөгжлийн Үндэсний хорооны 2025 оны хоёрдугаар сарын 03-ны өдрийн 01 дүгээр тогтоол, Монгол Улсын Засгийн газрын 2025 оны гуравдугаар сарын 06-ны өдрийн хуралдаанаар “Бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдааныг бүс бүрд зохион байгуулж, бүсүүдийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах, бүс тус бүрд шаардлагатай мега төслийг танилцуулж, хэлэлцүүлэх шийдвэр гарсан.
Ийнхүү “Бүсийн зөвлөл анхдугаар хуралдаан”-ыг бүс тус бүрээр зохион байгуулахаар болсны дагуу Хангайн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан өнгөрсөн дөрөвдүгээр сарын 14-нд Архангай аймагт, Хойд бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан 2025 оны 04 дүгээр сарын 28-нд Булган аймагт амжилттай зохион байгуулсан билээ.
Харин өнөөдөр /2025.05.12/ “Говийн бүсийн зөвлөл анхдугаар хуралдаан” Дорноговь аймгийн Сайншанд сумын Биеийн тамир спортын ордонд эхэлж байна.
Энэхүү хуралдаанаар бүсийн зөвлөлүүдийн хэвийн үйл ажиллагааг хангах, бүсийн хөгжлийн бодлоготой салбарын төлөвлөгөөг нийцүүлэх, бүсүүдийг хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, зорилтот хөтөлбөртэй болгох, бүсийн хөгжлийг дэмжих, бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэх талаар хэлэлцэж, санал дүгнэлт гаргах юм. Хуралдаанд, Монгол Улсын Ерөнхий Сайд, Улсын Их Хурлын гишүүд, Засгийн газрын гишүүд, төрийн захиргааны байгууллагууд, Говийн бүсийн Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь аймгийн төлөөлөл, бүсийн зөвлөлийн гишүүд, бүсийн аймаг, сумдын бүх шатны төрийн байгууллагын төлөөлөл, хувийн хэвшил, олон улсын байгууллага, эрдэмтэд, иргэдийн төлөөлөл зэрэг нийт 1183 төлөөлөгчид оролцож байна.
“Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-ыг 2001 онд Улсын Их Хурлын 57 дугаар тогтоолоор батлан, мөрдүүлж ажилласнаас хойш 23 жил өнгөрчээ. Энэ хугацаанд төдийлөн үр нөлөөгүй өгч чадаагүй тул Бүсчилсэн хөгжлийн бодлогыг судалгаа, шинэжилгээний үндсэн дээр шинэчлэн боловсруулж, 2024 оны Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил болгон зарласан билээ.