Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Төслийн эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх тухай байнгын хороодын танилцуулгыг УИХ-ын гишүүн Ж.Батжаргал танилцуулсан юм.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ө.Шижир: Одоогоос нэг жилийн өмнө дээрх хуулийг баталж байсан. Одоо буцаагаад татаж авч байна. Энэ нь аливаа хууль УИХ-аар орохдоо нийгмийн сэтгэл зүйд автагддаг, сошиал медиаг дагадаг, нөгөө талаар судалгаа маш дутуу байгааг харуулж байна. Ганцхан жилийн хугацаанд нийтдээ 66 тэрбум төгрөгийн 60 сая орчим кг гурил орж ирсэн. Үүний үр дагавар нь улаанбуудай тарих тариаланчид байхгүй болсон. ХАА салбар 28.4 хувиар унасан. Гэтэл ниргэсэн хойно нь хашхирав гэхчээр одоо үүнийг засах тухай ярьж байна. Энэ бол УИХ-ын сонгуулийн өмнө хүч түрэн баталсан хууль. Тухайн сайд нар ямар байр суурьтай байсан юм бэ? Баталчихаад ирэх жил нь өөрчлөөд байдаг хууль тогтоомжийн тогтворгүй байдал чинь бизнес эрхэлж байгаа олон мянган хүний нөхцөл байдлыг тодорхойгүй болгоод байна шүү дээ. Үүн дээр Монгол Улсын засгийн газар уучлалт гуйж, хариуцлагаа хүлээж байгаагаа ил тод хэлэх хэрэгтэй.