Өчигдөр буюу тавдугаар сарын 7-ны орой Кремлийн Их ордны Екатерина танхимд Владимир Путин Ялалтын 80 жилийн ойн арга хэмжээнд оролцохоор Москвад хүрэлцэн ирсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнагийн Хүрэлсүхийг хүлээн авч уулзсан талаар Кремлийн хэвлэлийн алба мэдээлжээ.
Энэ үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, “Манай улс орнууд хамтын түүхийн баатарлаг хуудсуудтай. 2024 онд Халхын голын ялалтын 85 жилийн ой тохиосон. Энэ өдрийг бид Улаанбаатарт айлчлах үеэр хамтдаа тэмдэглэсэн. 1945 оны наймдугаар сарын ялалтыг санаж, талархаж байна. Монгол бол Оросын худалдааны чухал түнш юм. 2024 онд худалдааны эргэлт 17.5 хувиар өссөн байна. Энэ оны эхний хоёр сарын дүнгээр дахин 25 хувиар өссөн байна. Монголын хувьд маш эмзэг бөгөөд чухал салбар, тэр дундаа эрчим хүчний салбарт хамтран ажиллах чиглэлээр Монгол найз нөхдийнхөө хүсэлтийг бид байнга хүндэтгэдэг” гэжээ.
Харин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, “Аугаа их эх орны дайн бол дэлхий дахинд энх тайван, тогтвортой байдлыг тогтоохын төлөөх хүн төрөлхтний чухал ялалтуудын нэг юм. Аугаа их эх орны дайны эхэн үеийн тухай яривал Монголын ард түмэн эхний өдрөөсөө үргэлж Оросын ард түмэнтэй хамт байсан. Бид энэ хүнд хэцүү үеийг даван туулахын тулд бүхий л боломжоо дайчлан ажилласан” гэжээ.
Мөн Кремлийн хэвлэлийн албаны мэдээллээр Монгол Улсын Ерөнхийлөгч нь Владимир Путинтэй ярилцахыг хүссэн хэд хэдэн асуудал байсан бөгөөд эхний асуудал нь Улаанбаатар хотын Дулааны 3-р цахилгаан станцыг шинэчлэх, өргөтгөх гэрээний асуудал гэсэн байна. Мөн уулзалтын үеэр хэвлэлийнхэнд хаалттай хэлэлцүүлэг өрнөжээ. Уг уулзалтад ОХУ-ын Байгалийн нөөцийн сайд Александр Козлов, Эрчим хүчний сайд Сергей Цивилев нар оролцсон байна. Мөн “Байкал-Дэйли” сонинд бичсэнээр хэвлэлд мэдээлснээр хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хаалттай хэсэгт Байгаль нуур, Сибирийн эрчим хүч-2 хийн хоолой, Монгол руу хий худалдах тухай, Эгийн голын усан цахилгаан станцын далан зэрэг асуудлыг хэлэлцсэн гэж үзжээ.
Эх сурвалж: Кремлийн хэвлэлийн алба
Байкал Дэйли