"Эрдэнэт" ТӨҮГ-ын шинэ удирдлагаар Онцгой байдлын ерөнхий газрын дарга, Элчин сайд асан Т.Бадрал, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл нарын нэгийг томилж магадгүй тухай мэдээлэл өнгөрсөн намраас хойш хөвөрч буй.
-ТҮҮНИЙГ АТГ-ААС АВЛИГЫН ХЭРГЭЭР ШАЛГАЖ БАЙСАН Ч ХОЁР ЖИЛИЙН ДАРАА ПРОКУРОРООС БУЦААСАН ГЭДЭГ-
Тэгвэл тус үйлдвэрийн захирлаар Онцгой байдлын ерөнхий газрын дарга, Элчин сайд асан Т.Бадралыг ойрын хугацаанд томилохоор тохирчээ. Тэрбээр Төрийн ордонд ойр, ойрхон харагдах болсон нь үүнтэй холбоотой байж болзошгүй юм.
Улс төрд тогтсон ёсоор эл албан тушаалд Ерөнхийлөгч өөрийн хүнээ томилох ёстой. Тэгвэл Т.Бадралыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дотны найз гэгддэг бөгөөд түүнийг Ерөнхийлөгчийн нөлөөгүйгээр энд ирснийг хэн ч үгүйсгэхгүй. Учир нь тэрбээр Ерөнхийлөгчийг Шадар сайд байх үед буюу 2015 онд ОБЕГ-ын дэд даргаас даргын албан тушаалд томилогдсон байдаг. Таван жилийн өмнө түүнийг Онцгой байдлын даргаар ажиллаж байхад нь БНХАУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилж байсан юм. Онцгой байдлыг удирдаж байсан хошууч генерал цолтой түүнийг Элчингээр томилоод явуулсан нь АТГ-д шалгагдаж буй хэргээс нь мултлах зорилготой байсан талаар зарим хэвлэлүүд бичдэг. Тодруулбал, түүнийг ОБЕГ-ын тендерүүдийг будлиантуулж хуучин автомашин нийлүүлсэн, гал унтраах аврах хэрэгсэл, галын хөөс зэрэг 400 орчим сая төгрөгийн иж бүрдлийг тендер зарлалгүй авсан, төсвийн хагас тэрбум төгрөгөөр хамтран ажиллагчийнхаа хүргэнд өгч гараж бариулсан, шаардлага хангахааргүй засварын ажилд 160 сая төгрөг зарцуулсан зэрэг нь шалгалтаар тогтоогдож, мөрдөн байцаалтаар батлагдаж байсан түүхтэй. Оросоос авчирч ОБЕГ-т нийлүүлсэн гэгдэх 50 мянга орчим ам.долларын машины асуудал ч мөн сөхөгдөж байгаад намжсан.
Хэргийн явц хоёр жил орчим хуулийн байгууллагаар эргэлдэж байгаад прокуророос нотлох баримт хангалтгүй гэх үндэслэлээр буцаагдсан талаар хэвлэлүүд бичдэг.
-Т.БАДРАЛ НЬ ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН ГАДААД ХУДАЛДААНЫ ХЭЛТЭСТ ӨМНӨ НЬ АЖИЛЛАЖ БАЙЖЭЭ-
Т.Бадралын хувьд Эрдэнэт үйлдвэрт, уул уурхайн салбарт ажиллаж байсан туршлагатай. Тодруулбал тэрбээр, 1984-1988 онд хуучнаар ЗХУ-ын Москва хотын Хилийн цэргийн командын дээд сургуулийг, 1990-1994 онд МУИС-ийн Олон улсын харилцааны дээд сургуулийг олон улсын харилцаа, франц судлалын мэргэжлээр, 1998-2000 онд Санхүү, эдийн засгийн дээд сургуулийг бизнесийн удирдлагын мэргэжлээр төгссөн. Бизнесийн уирдлагын магистр зэрэгтэй. Тэрбээр 1994 оноос Монгол-Оросын хамтарсан Эрдэнэт үйлдвэрийн Гадаад худалдааны хэлтэс, Монгол-Америкийн хамтарсан зэсийн үйлдвэрт гадаад худалдааны менежер, Голден Форчук ХХК-ийн гүйцэтгэх захирал, 2004 оноос Гамшгаас хамгаалах ерөнхий газарт мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, 2005 оноос Онцгой байдлын ерөнхий газарт хэлтэс, газрын дарга, дэд дарга, 2015 оноос Онцгой байдлын ерөнхий газрын даргаар, 2021-2024 онд БНХАУ-д суух Элчин сайдаар ажилласан юм. Хошууч генерал цолтой.
Т.Бадралаас гадна "Эрдэнэс Монгол" ХХК, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн захирлын томилгоог мөн тун удахгүй хийх аж. Эх сурвалжийн мэдээлж буйгаар "Эрдэнэс Монгол" ХХК-ийн захирлаар ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэлийг, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн захирлаар "Эрдэнэс Оюутолгой" -н захирал Н.Цэрэнбат нарыг томилохоор яригдаж байгаа юм.