Төв аймгийн Жаргалант суманд нэг айлын гурван охин галд өртөн амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
Тодруулбал, өчигдөр /2025.04.21/ Жаргалант сумын Засаг даргын шийдвэрээр бүх нийтийн цэвэрлэгээг зарласан байна. Нийтийн цэвэрлэгээнд дөрвөн хүүхэдтэй цэцэрлэгийн багш татагдсан бөгөөд бага насны дүү нараа харж байсан зургаадугаар ангийн охиныг ч мөн сургуулиас нь цэвэрлэгээнд дууджээ. Охин гэртээ дүү нараа цоожлоод үлдээх үеэр гал гарч гэр шатан дээрх харамсалтай үйл явдал болжээ.
Уг хэрэгтэй холбоотойгоор сумын иргэд Жаргалант сумын Онцгой байдлын гал унтраах техник хэрэгсэл ажилладаггүйн дээр төр захиргааны цагаа олоогүй шийдвэрт бухимдаж байгаагаа илэрхийлжээ.