"Энержи ресурс" компанийн толгой компани болох "М-Си-Эс" группт хуулийн байгууллагаас ажиллагаа явуулж тус компанийн Хуулийн хэлтсийн дарга З.Төрмандах нарын таван хүнийг энэ оны хоёрдугаар сард хойшлуулшгүйгээр баривчилж, цагдан хорьж байсан билээ.
Улмаар З.Төрмандах, "М-Армор" ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Ганболд, Инженер-техникийн албаны дарга С.Жамъянтөгс нарыг өнгөрсөн гуравдугаар сард тэдэнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, Монгол Улсын хилээр гарахыг хориглох таслан сэргийлэх арга хэмжээ авсан байдаг.
Тэгвэл дээрх нэр бүхий хүмүүстэй хамт саатуулагдаж, улмаар цагдан хоригдож байсан хуулийн албаны дарга Я.Бямбадаржаа, мэргэжилтэн Г.Гандалай нарыг энэ сарын 15-ны өдөр суллаж, тодорхой хүнтэй уулзах болон Монгол Улсын хилээр гарахыг хориглох таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.
Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Я.Бямбадаржаа, Г.Гандалай нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, тодорхой хүнтэй уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналын Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд хүргүүлсэн аж. Улмаар тус шүүхээс хэргийн материалд цугларсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурор, өмгөөлөгчийн санал, тайлбар, хавтаст хэрэгт авагдсан баримт, яллагдагчийн хувийн байдал зэрэгтэй танилцаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцүүлэн прокурорын саналыг хүлээн авч, яллагдагч Я.Бямбадаржаа, Г.Гандалай нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 2025 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөс өөрчилж, мөн өдрөөс Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, тодорхой хүнтэй уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна.
Эргэн сануулахад, Нийслэлийн прокуророос "М-Си-Эс" группийн Хуулийн хэлтсийн дарга З.Төрмандах, "М-Армор" ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Ганболд, Инженер-техникийн албаны дарга С.Жамъянтөгс, хуулийн албаны дарга Я.Бямбадаржаа, мэргэжилтэн Г.Гандалай нарыг “Гүйцэтгэх ажил явуулах эрхгүй этгээд гүйцэтгэх ажил явуулсан, эсхүл гүйцэтгэх ажлын тусгай техник олж авсан, ашигласан, борлуулсан” гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаж, улмаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг шүүх хүргүүлж, улмаар шүүхээс тэднийг гэмт хэргийн ул мөр, эд мөрийн баримт, нотлох баримтыг устгах, өөрчлөх, зөөвөрлөх, нуун далдлах, үрэгдүүлэх, хуурамчаар үйлдэх, гэмт хэрэг үйлдэх, гэмт хэргээ төгсгөх үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа...” гэх үндэслэл нь нотлох баримтуудаар тогтоогдсон хэмээн үзэж, цагдан хорих шийдвэрийг гаргаж байсан юм.