Суррон, скүүтер, мопедоос үүдэлтэй осол гэмтлийн улмаас гурван хүн амь насаа алдсан гэж ГССҮТ-өөс мэдээллээ

Суррон, скүүтер, мопедоос үүдэлтэй осол гэмтлийн улмаас гурван хүн амь насаа алдсан гэж ГССҮТ-өөс мэдээллээ

Сүүлийн жилүүдэд скүүтер болон суррон, мопед зэрэг цахилгаан моторт дугуйнаас үүдэлтэй осол гэмтлийн тоо нэмэгдэх хандлагатай байна.

Ялангуяа хүүхэд залуус, өсвөр үеийнхний дунд скүүтер, суррон дугуйны хэрэглээ нэмэгдсэнтэй холбоотойгоор явган хүний замаар зорчих, авто замын хөдөлгөөнд оролцох үедээ бэртэж гэмтэх, бусдыг мөргөж гэмтээх тохиолдол цөөнгүй гарч байна.

2022-2024 онд буюу сүүлийн гурван жилийн байдлаар, Монгол Улсын хэмжээнд цахилгаан дугуй буюу суррон, скүүтер, мопедоос үүдэлтэй нийт 887 осол гэмтлийн тохиолдол бүртгэгджээ.

Харин 2024 онд улсын хэмжээнд суррон, скүүтер, мопедоос үүдэлтэй осол гэмтлийн 532 тохиолдол бүртгэгдэж, тухайн шалтгааны улмаас гурван хүн амь насаа алдсан байна.

-ОН ГАРСААР 28 ХҮН СУРРОН, СКҮҮТЕР, МОПЕДООС ҮҮДЭЛТЭЙ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ АВСАН-

Тэгвэл 2025 оны эхний гурван сарын байдлаар, Гэмтэл согог судлалын үндэсний төв болон салбар эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт нийт 28 хүн суррон, скүүтер, мопедоос үүдэлтэй тусламж үйлчилгээ авчээ. Нийт тохиолдлын 60 хувь нь 0-18 насны хүүхэд байгаа бол, үлдсэн хувь нь насанд хүрэгчид байна.

Шалтгааны хувьд:

  • Скүүтертэй зорчигч зам тээврийн осолд орж гэмтэх тохиолдол дийлэнх хувийг эзэлж байна.
  • Скүүтертэй зорчигч бусад тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж гэмтэх тохиолдол нийт тохиолдлын тал хувийг эзэлдэг бөгөөд ихэнх нь 15-24 насныхан байна.
  • Явган зорчигч скүүтерт мөргүүлж гэмтэх тохиолдолд ихэвчлэн 5-9 болон 50-54 насныхан өндөр хувийг эзэлж байна.
  • Цахилгаан дугуйнаас /suron/ үүдэлтэй осол гэмтэлд ихэнхдээ 10-29 насныхан өртөж байна.
  • Мопедоос үүдэлтэй осол гэмтлийн тохиолдол нийт 17 бөгөөд 15-аас дээш насныхан дунд түгээмэл тохиолдож байна.

Скүүтэр болон цахилгаан дугуйнаас /suron/ үүдэлтэй осол гэмтлийн нийт тохиолдол нийслэлд илүү их бүртгэгдсэн бөгөөд гудамж, нийтийн зам талбайд илүү их бэртэж гэмтжээ.

-СКҮҮТЕР БОЛОН СУРРОН ДУГУЙГААР ХЭР ХУРДТАЙ ЯВСНААС ШАЛТГААЛЖ ХАРИЛЦАН АДИЛГҮЙ БЭРТЭЛ ГЭМТЭЛ ҮҮСДЭГ-

Скүүтер болон суррон дугуйны хэр хурдтай явснаас шалтгаалан бэртэл гэмтлийн хувьд харилцан адилгүй үүсч байна гэж эмч нар үзэж байна. 

Тухайлбал скүүтер, суррон дугуйтай зорчиж яваад унах болон мөргөлдөх, автомашинд мөргүүлэх, бусдыг мөргөж гэмтээх ихэнх тохиолдолд гавал тархины эдийн гэмтэл, ясны цууралт, гар хөл буюу буюу мөчдийн хугарал /тохой болон шууны гэмтэл, өвдөг болон шилбэний гэмтэл/, хөхрөлт няцралт, цээжний хөндийн битүү гэмтэл, хэвлийн эдийн гэмтэл зэрэг зонхилон тохиолдож байна.