Явган хүний зам засвар, шинэчлэлтийг ирэх долоо хоногт эхлүүлнэ

Явган хүний зам засвар, шинэчлэлтийг ирэх долоо хоногт эхлүүлнэ

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Энэ жил Энхтайваны өргөн чөлөө, Их, Бага тойруу, Наадамчдын гудамж, Олимпын гудамжны явган замыг бүхэлд засах, шинэчлэхээр дөрвөн удаа тендер зарласан.

Явган замын тухайд гараар хийдэг ажиллагаа ихтэй гээд компаниуд орохгүй байна. Нэмээд ажиллах хүчний дутагдал ч нөлөөлж байна. Тиймээс тендерийн хуулийн дагуу Хот тохижилтын газар, зэвсэгт хүчин, хил хамгаалах байгууллагуудтай уулзаж, засварын ажлыг ирэх долоо хоногт эхлүүлнэ. Зуны сар зургаа биш тул урин цагт ажлаа амжуулах нь чухал байна” гэлээ.

Мөн тэрбээр дараах үүрэг даалгаврыг өгсөн юм. Үүнд

  • Засгийн газраас 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд саналаа тодорхой тусгах,
  • Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн дарга нар ажлаа эрчимжүүлэх,
  • Нийтийн эзэмшлийн талбайг хашаалсан автомашины зогсоолыг чөлөөлж, хашаа хайс, гарааш буулгах ажлыг эрчимжүүлэх,
  • Нийслэлд хийх зам, инженерийн байгууламжийн бүтээн байгуулалт, засварын ажилтай холбоотойгоор авто замын хөдөлгөөн болон хэрэглэгчдийн цахилгаан, ус түгээлтийг хаах, нээх хугацааг иргэд, олон нийтэд тогтмол мэдээлэх,
  • Явган хүний зам засвар, шинэчлэлтийн ажлыг ирэх 7 хоногт эхлүүлэх зэрэг ажил багтжээ.