Имарт хүүхдүүдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор хамгаалалтын дуулга тараалаа

Имарт хүүхдүүдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор хамгаалалтын дуулга тараалаа

Урин дулаан цаг ирж байгаатай холбоотойгоор цахилгаан дугуй, скүүтэрийн хэрэглээ иргэдийн дунд ихэссэн. Сүүлийн 2 жилийн хугацаанд скүүтэр, цахилгаан дугуйнаас үүдэлтэй осол гэмтлийн нийт 530 гаруй тохиолдол бүртгэгдсэн байна.

Үүнтэй холбогдуулан Имарт буюу Скай Хайпермаркет ХХК нь хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, тэдний аюулгүй байдлыг хангах зорилгоор нийслэлийн хамгийн их хөл, хөдөлгөөнтэй бүст СХД-ийн Тээврийн Цагдаагийн Хэлтэстэй хамтран тус дүүргийн 153-р сургуулийн сурагчдад хамгаалалтын малгай тараалаа.

Энэхүү арга хэмжээнд Сонгинохайрхан дүүргийн замын цагдаагийн хэлтсийн урьдчилан сэргийлэх ажил хариуцсан зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч У.Мөнх-Ундрал хамгаалалтын хэрэгслийн хэрэглээг хэвшүүлэх, замын хөдөлгөөний үед эрсдэлээс хамгаалах мэдлэг, мэдээллийг түгээлээ.

Скай Хайпермаркет ХХК нь 2018 оноос хойш  хүүхдийг зам тээврийн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор Тээврийн Цагдаагийн Албатай хамтран ‘‘Замын хөдөлгөөн-Хүүхэд’’ аяныг зохион байгуулж нийт 5000 ширхэг аюулгүйн бүсний тохируулагчийг бэлэглэсэн юм.

Хамгаалалтын дуулга нь скүүтэр, унадаг дугуйтай осолд өртсөн үед толгойн гэмтлийн эрсдэлийг 85% хүртэл бууруулдаг гэж үздэг.

Болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж замын хөдөлгөөнд оролцохдоо хамгаалалтын малгайгаа өмсөж оролцохыг гэж уриалж байна.