Эх орныхоо дөрвөн зүгийн хязгаарт орших Соёмбот баганыг Монгол Улсын төв цэгтэй холбосон 5000 км замыг туулж, түүхэн амжилт тогтоохоор гараанаас гарсан “Таван цэг” багийнхан 8 дэх өдрөө амжилттай гүйгээд байна.
Тэд өнгөрсөн долоо хоногийн лхагва гаригт Алтай Таван богдын Сонгинотын даваанаас гараагаа эхлүүлж, замдаа Толбо нуур, Цамбагарав хайрхны өврөөр сүлжин гүйсээр одоогийн байдлаар 330 км замыг туулаад байна. Ховд хот ороход ердөө 10 гаруйхан км дутуу байгааг гүйгчдэд дэмжлэг үзүүлэх бүлгийн дарга хошууч Д.Уламбаяр мэдээлжээ.
Ахлах ахлагч Э.Даваажамц, дэд ахлагч Б.Буянхишиг нар гүйлтийнхээ хуваарийн дагуу маргааш өглөө Ховд хот орох бөгөөд Ховдчууд нутгийн хүүгээ төв талбайдаа ёслол төгөлдөр угтан авах аж.