Хүний эрхийн үндэсний комиссоос сэтгүүлч, өмгөөлөгчийн үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлын талаар хэвлэлийн бага хурал хийлээ.
Хурлын үеэр ХЭҮК-ын Хүний эрх хамгаалагчийн хэлтсийн дарга З.Өнөржаргал "Сэтгүүл зүйн үйл ажиллагаа эрхэлж буй төрлөөс үл хамааран тэнд ажиллаж буй хүн бүрийг хүний эрхийн хамгаалагч гэж үздэг. Сэтгүүлч нарыг яагаад хамгаалах ёстой гэдгийг Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуульд тусгаж олон улсын жишигт нийцүүлэх хэрэгтэй.
Сэтгүүлч мэдээгээ бэлтгээд дараа нь яах бол гэдэг санаа зовнилтой байдаг. 2023 онд Хил хязгааргүй сэтгүүлчид байгууллагын үнэлгээгээр манай улсын хэвлэлийн эрх чөлөө 70-р байрт байсан бол одоо 21 байраар ухарсан байна. Энэхүү судалгаанд улс төрийн хараат байдал, сэтгүүлч нарт ирж буй дарамт шахалт, хуулийн байгууллагын хяналт, мэдээллийн хязгаартай байдал зэргийг авч үздэг. Сэтгүүлчдийн сэтгэл санааны байдал болон санхүүгийн хараат байдал зэрэг дөрвөн үр дүнд тулгуурлан ХЭҮК-оос илтгэл гаргасан.
2021-2024 онд хүний нэр төрд халдсантай холбоотой нийт 56 хэргийг шүүхээр шийдвэрлэсний 30 нь сэтгүүлчтэй холбоотой байсан. Сэтгүүлчдийн эсрэг хэрэгт хохирогч, гомдол гаргагч нь ихэвчлэн улс төрийн алба хаагч, төрийн албан хаагч байна. 2023 онд 434 байсан хэвлэл мэдээллийн байгууллагын тоо 79-өөр буурсан.
Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулиар сэтгүүлчдийг хамгаалах боломжтой болсон нь сайшаалтай. Иргэний хуульд хүн нэр хүндэд халдсан бол гэдэг заалтад хэрэв холбогдогч нь сэтгүүлч бол эх сурвалжаа хамгаалахын тулд нотлох баримт гаргаж өгөх шаардлагаас чөлөөлөх боломжийг оновчтой тусгах шаардлагатай" гэдгийг тодотголоо.