УИХ-ын гишүүн Б.Найдалаа, Боловсролын сайд П.Наранбаяр нар өнгөрсөн гуравдугаар сарын 27-ны /2025-03-27/-ны өдөр Төрийн ордонд зодолдсон гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдсан ч тухайн хүмүүс үүнийг үгүйсгэсэн тайлбар мэдээлэл өгөөд буй. Мөн Боловсролын сайд П.Наранбаяр үүнтэй холбоотойгоор шүүх эмнэлэгт үзүүлэхээс татгалзсан талаар бид мэдээлсэн.
Тэгвэл УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хорооноос УИХ-ын гишүүн Б.Найдалаа, П.Наранбаяр нарыг зодолдсон асуудлаараа тайлбар ирүүлэхийг хүссэн байна. Тодруулбал, УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хорооноос энэ оны дөрөвдүгээр сарын 7-ны өдөр дээрх нэр бүхий гишүүдийг зодолдсон гэх асуудлаараа энэ сарын 15-ны өдрийн дотор тайлбар ирүүлэхийг хүсэж, албан бичиг илгээжээ. Одоогоор тус албан бичгийн хариу ирээгүй байгаа аж.