УИХ-ын гишүүн Х.Ганхуяг өнөөдөр /2025.04.10/ татварын багц хуулийн шинэчлэлийн талаар мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн Х.Ганхуяаг ярихдаа: Аж ахуйн нэгжүүд мөнгө орж ирсний дараа НӨАТ-ын татвараа төлдөг болмоор байна гэдэг номер нэг асуудал бий. Тиймээс аж ахуйн нэгжүүдэд хөрөнгө оруулалт хийхдээ НӨАТ-ын хасалт хийлгэх боломж олгож байгаа. Ингэснээр аж ахуйн нэгжүүд хөрөнгө оруулалтаа богино хугацаанд нөхөх боломж үүснэ.
Хувь хүн дээр эхний 10 сая төгрөг дээр хүн амын орлогын албан татварыг 0 байлгах, түүнээс дээш байгаа тохиолдолд 2 хувиар нэмэгдээд явах зохицуулалт хийсэн.
Мөн төрөөс гарч байгаа төрийн өмчит компани, сургууль цэцэрлэгээс гарч байгаа бүх мөнгө и-баримт дээр тулгуурлаж гарна гэдэг зохицуулалт хийж өгсөн. Төрөөс гарч байгаа хөрөнгө оруулалт болон зардлын бүх мөнгө НӨАТ-тай гардаг болно гэсэн үг. Хамгийн том ажил олгогч, бараа худалдан авагч төр өөрөө НӨАТ-тай болоод ирэхээр бүгдээрээ НӨАТ-тай болох тал руугаа шилжинэ гэсэн үг.
Татварын багц хуулиар бид ойролцоогоор 4 их наяд төгрөгийн хөнгөлөлт үзүүлж, иргэд аж ахуйн нэгжийн өрхийн орлогыг нэмэгдүүлж хамгаалж өгнө. Энэ бол дундаж давхаргаа тэлэх шийдэл гэж харж байгаа.
УИХ дээр "Нэг хувийн татварын хуулийн өөрчлөлт", "Нийгмийн даатгалын шимтгэл дээр ажил олгогчийн төлдөг хэсгийг болиулья", "Улаанбаатар хотоос алслагдсан хэмжээгээр нь татварын шатлалтай болгоё" гэх мэт саналууд орж ирсэн байна. Гэхдээ энэ бүхэнд болгоомжтой хандах хэрэгтэй. Учир нь эргээд тогтолцоогоо нураах эрсдэлтэй байдаг.