"Ногоон автобусны хэрэг" гэх тодотголтой А.Ганхуяг нарын 24 хүнд холбогдох эрүүгийн хэрэгт шүүх бүрэлдэхүүн өнөөдөр шийдвэрийг танилцуулж байгаа билээ.
Үүнтэй холбоотойгоор шүүгдэгч нар эцсийн үгээ хэллээ. Энэ үеэр Нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга асан, шүүгдэгч С.Жавхланбаатар "Нийтийн тээврийн салбарт парк шинэчлэлтийн хүрээнд хийгдэж байсан ажил "Ногоон автобус"-ны хэрэг болон хувирсан. 2023 оны аравдугаар сараас хойш шалгагдаж, шүүгдэж энэ хүрлээ. Юуны өмнө олон төрийн алба хаагч нар энэ хэрэгт буруутгагдаж, прокуроруудаас яллах дүгнэлт сонсож байгаад харамсалтай байна. Нийтийн тээврийн салбарыг хариуцаж байхдаа итгэл үнэмшлийнхээ дагуу л ажил үүргээ гүйцэтгэж байсан. Гэвч доголдолтой, дутагдалтай автобуснууд ирснээс асуудал үүслээ. Эл хэрэгт давуу байдал олгож, хээл хахуул аваагүй гэдэг нь бүрэн дүүрэн нотлогдлоо гэж ойлгож байна. Удирдлагын зүгээс хийгдэж байгаа ажил, арга хэмжээн дээр тогтмол хяналт тавьж чадаагүй гэдгээ хүлээн зөвшөөрнө. Оногдуулж буй шийтгэлийн хувьд өмгөөлөгчийн гаргаж байгаа саналыг дэмжиж, шүүгч нар үүнийг анхаарч өгөөч гэж хүсэж байна" гэлээ.