Англид амьдардаг гурван монгол ээж хамтран "Хөхөө Намжил" үлгэрээс сэдэвлэн англи хэлээр үлгэрийн ном гаргажээ.
Тодруулбал, морин хуурын тухай хүүхдийн зургаар баяжуулсан "The Great of Jonon Khar" буюу "Их Жонон хар" номыг АНУ-ын eBay сайтад байршуулан 10.93 паунд буюу 49 мянган төгрөгийн үнэтэй борлуулж эхэлсэн байна. Номыг Англиас гадна Шотланд, Уэльс, Умард Ирландын хаанаас ч энэ сайтаар захиалан авч болох аж. Номын үйл явдал болон хавтасны зургийг Б.Нарантуяа, залуу зураач Э.Сэцэн нар хамтран бүтээжээ. Монгол ээжүүд энэ номоороо дамжуулан хилийн чанад дахь хүүхдүүдэд Монголын соёл, түүх, өв уламжлалыг танилцуулах, олон улсад монгол үлгэр, түүнд шингэсэн нүүдлийн соёл, үзэсгэлэнт байгалийг хүргэхийг зорьсон байна.