В.Гүндэгмаа: 7.8 сая жилийн өмнө үүссэн шинэ төрөл зүйлийн ургамлыг нээж, ачит багш Санчирынхаа нэрээр дэлхийн шинжлэх ухаанд бүртгүүлсэн /ВИДЕО/

В.Гүндэгмаа: 7.8 сая жилийн өмнө үүссэн шинэ төрөл зүйлийн ургамлыг нээж, ачит багш Санчирынхаа нэрээр дэлхийн шинжлэх ухаанд бүртгүүлсэн /ВИДЕО/

МУБИС-ийн Биологийн тэнхимийн доктор, дэд профессор В.Гүндэгмаа Увс аймгийн Хархираа түргэний уулс, Ховд аймгийн Мөнхайрханы уулсаас шинэ зүйлийн ургамлыг шинжлэх ухаанд нээн илрүүлжээ. Тэрбээр шинэ төрөл зүйлээ “Санчирын гичгэнэ” хэмээн нэрлэж, дэлхийн шинжлэх ухаанд бүртгүүлсэн юм. Энэ талаар бид доктор, профессор В.Гүндэгмаатай ярилцлаа.

ВИДЕО:

Баруун монголын уулсаас шинэ зүйлийн ургамал нээсэн гэдэг мэдээлэл байна. Энэ ургамлыг хэзээ, хаанаас, аль аймгийн аль сумаас олж нээсэн бэ?

Энэ ургамлыг бид Монгол Алтайн уулс буюу хоёр аймгийн гурван сумын бүс нутагт энэ ургамал тархан ургадаг онцлогтой. Тухайлбал, Увс аймгийн Хархираа түргэний уулсад, нөгөөх нь Ховд аймгийн Мөнххайрханы уулсад энэ ургамал тархан ургадаг онцлогтой. Бидний судалгааны ажил 2017 оноос эхэлсэн бөгөөд 2021 он гэхэд би шинэ төрөл зүйлийн ургамал олж илрүүлснээ морфологийн судалгаагаар тогтоочихсон байсан. Гэвч судалгааны ажилд зардал мөнгө их хэрэгтэй учраас баруун монголын уулсад дахин очиж чадахгүй байсаар өдийг хүргэсэн.  

Энэ ургамлыг анх олоход гадна талаасаа ямар харагдав. Энгийн хүмүүсийн нүдээр бол харахад сайн ялгагдах зүйл байдаггүй байх?

Монгол орны газар нутагт тархан ургадаг 77 зүйл гичгэнэ нь нам уулс толгодоос авахуулаад цөлийн хээр, хээр, ой, ойн зах, ой дотор, таг, царам хүртэл ургадаг. Эдгээр зүйлүүд дотроос нягталж үзээд бусад зүйлүүдээс морфологий хувьд хоёроос гурван зүйлээр ялгаатай байсан болохоор дараагийн шатанд судалсан. Судлаад үзсэн чинь бусад төрлийн гичгэнээс үнэхээр өөр байсан. Нэгдүгээрт, цэвдэг дээр ургадаг зүйл байна. Хоёрдугаарт нь, навчны гадаргуу нь, ургамлын их бие нь маш их үстэй байсан. Эхний байдлаар би энэ ургамлыг цав цагаан гичгэнэ юм болов уу гэж бодоод харьцуулаад үзэхээр хамгийн эхлээд навчны захлалт маш том том гүдэн шүдтэй. Дээрээс нь навчны үслэг нь ялгаатай байсан. Цоморлиг, дэлбэ гээд энэ бүх хэсэг дээр маш их үстэй байсан нь цаашид судалгаа хийх сонирхлыг төрүүлсэн гэсэн үг.

Яг ямар ямар судалгаа хийж, шинэ ургамал болохыг нь баталдаг вэ?

Эхлээд Цав цагаан гичгэнэтэй морфологи шинжээр нь харьцуулаад үзсэн. Харьцуулж болох бүх зүйлийг цэцэг навч, үндэс гээд бүх шинжүүдийг нь харьцуулаад үзэхээр хамгийн ялгаатай байгаа хоёр зүйл байсан. Нэгдүгээрт, үрийн гадаргуу шал өөр байсан. Шинэ зүйл ургамал маань навч, цэцэг, иш, цэцгийн суудал битүү үстэй байсан боловч эх үр нь болохоор гөлгөр, үсгүй байгаа нь маш том шинж болж өгсөн. Дараагийн шинж нь, навчны хэлбэр, ургамал дээр байгаа үсжилт нь ялгаатай байсан.

Үүний дараа, генетикийн судалгаа хийж үзсэн. Олон улсын генбанк дээр байдаг гичгэнэ төрлийн ургамлын генүүдтэй өөрийнхөө судалгааг харьцуулж үзсэн. Миний ялгаатай байж магадгүй гээд судалж байсан ургамал “Санчирын гичгэнэ” маань 84 хувиар бусад гичгэнүүдээс ялгаатай болох нь ДНХ-ын дарааллаар тодорхой болсон. Ингээд бусдаас ялгаатай болох нь батлагдсан.

Мөн энэхүү генетикийн датаг ашиглаад биологи дээр ашигладаг молекул цаг буюу хэдэн сая жилийн өмнө энэ ургамал үүссэн юм бэ гэдэг эволюцийн судалгааг хийсэн. Ингэхэд бидний харьцуулж судалж байсан Цав цагаан гичгэнэ харьцангуй хожуу буюу 4.5 сая жилийн өмнө үүссэн бол шинэ зүйл гичгэнэ маань 7.8 сая жилийн өмнө үүссэн гэдэг судалгааны үр дүн гарсан.

Ингээд бид тухайн ургамалаа морфологиор нь, генетикээр нь, гарал үүсэл буюу эволюцийн хувьд хэзээ үүссэн юм бэ гэдгээр нь тус бүр шинэ зүйл ургамал болохыг нь баталж өгсөн.

Монгол оронд, бэлчээрийн мал аж ахуйд ямар ач холбогдолтой ургамал вэ?

Энэ ургамалын ач холбогдол бол маш өндөр. Гичгэнэ гэдэг төрлийн ургамал маань цөлийн хээрийн бүсээс царам хүртэл тархан ургадаг. Энэ хэмжээгээрээ бүх бүс бүслүүрийн ургамлын бүлгэмд зонхилогчийн үүрэгтэйгээр оролцож, малын маш ашигтай уураглаг, амин дэмлэг ургамал хоол тэжээл нь болж өгдөг.

Хоёрдугаарт нь, анагаах ач холбогдолтой. Олон төрлийн эм хийдэг. Ходоодны өвчинд онц ач тустай. Антиоксидант буюу хоргүйжүүлэх, залуужуулах  үйлчилгээтэй. Мөн цайны ургамлаар навчийг нь ашиглаж болдог.

Бас нэг зүйлийг энд онцлоход, ургамлыг дотор нь унаган ургамал гэж ангилдаг. Унаган ургамал гэдэг нь зөвхөн монголын хил хязгаарт ургаж байгаа ургамлыг хэлдэг. Энэ ургамлыг нээснээр монголын унаган ургамлын тоо нэгээр нэмэгдсэн. Монгол оронд 102 зүйлийн унаган ургамал байсан бол 103 болсон. Монголын орны ургамалжилтын онцлогийг олон улсад таниулахад бас нэг шат ахисан.

“Санчирын гичгэнэ” гэдэг нэр их сонирхолтой байна. Яагаад ийн нэрлэх болсон бэ?

Судлаач биологич хүмүүсийн мөнхийн мөрөөдөл, чанадын хүсэл бол шинжлэх ухаанд нэг шинэ зүйл нээх юм сан гэх бодол. Тэдний нэгэн адил би ч гэсэн мөрөөдөөд явж байсан. Мөрөөдлөө биелүүлж шинэ ургамалаа морфолиогоор нь баталчихаад явж байхдаа үнэхээр шинэ зүйл байх юм бол намайг ургамал судлалын шинжлэх ухаанд дурлуулсан, аргазүй зааж өгсөн, намайг хүн болгосон, ачит багш Санчирынхаа нэрийг өгнө гэсэн мөрөөдлийг тавьж Санчирын гичгэнэ гэж нэрлээд яваад байсан.

Ургамлын шинэ зүйлийг шинжлэх ухаанд нэрлээд хүн авторладаг. Үүн дээр “Санчирын гичгэнэ” гээд В.Гүндэгмаа, Онолрагчаа /генетикийн судалгааг хийсэн/, Ургамал гэдэг хүмүүсийн нэрээр авторласан. Ургамал, Гүндэгмаа хоёр бол Санчир гэдэг хүний бэлдсэн гарын хоёр шавь нь байгаа юм. Энэ ургамлыг шинээр нээсэн явдал бол бид хоёрын багшдаа барьсан сэтгэлийн суварга юм. Багшийгаа шинжлэх ухаанд оршоож, ачийг нь хариулж буй явдал юм даа.




Өнөөдөр тахиа өдөр

3 цагийн өмнө