СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Судсандаа эмийн бодис тарьж мансуурснаас 10 хүүхэд амиа алдаж, 40 гаруй хүүхэд хуруу гараа тайруулжээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Судсандаа эмийн бодис тарьж мансуурснаас 10 хүүхэд амиа алдаж, 40 гаруй хүүхэд хуруу гараа тайруулжээ

Судсандаа эмийн бодис тарьж мансуурснаас өсвөр насны хүүхдүүд гар сарвуугаа тайруулах тохиолдол сүүлийн жилүүдэд нэмэгдэх болжээ. Энэ талаар бид “Доктор үүр” гар сарвууны эмнэлгийн гар сарвууны эмч О.Очирпүрэвтэй ярилцлаа.

ВИДЕО:

-Мансуурснаас болж гар сарвуугаа тайруулах асуудал хэзээнээс гарч эхлэв?

-Миний туршлагаас харахад 2016 оноос эхэлж гар руугаа тариа хийгээд гэмтсэн хүмүүс надтай таарах болсон. Жилд нэгээс хоёр хүнтэй таардаг байсан бол сүүлийн жилүүдэд улирал бүр, он гарснаас хойш бүр долоо хоногт нэг хүүхэд над дээр ирэх болсон.

Өнгөрөгч 2024 оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд 40 хүүхэд хуруу, гараа тайруулчихаад байна.

Хамгийн гайгүйдээ хуруугаа тайруулдаг. Цаашлаад гарынхаа шуу, бугалга, мөр хүртлээ тайруулах тохиолдол ч гардаг. Үүнээс гадна арваад хүүхэд тунгаа хэтрүүлж амиа алдсан. Зарим нь амиа хорлосон.

-АРХИ ДАРС УУЛГАЖ, УХААН САНААГ НЬ ХӨӨРЛИЙН БАЙДАЛД ОРУУЛЖ БАЙГААД ГАР РУУ НЬ ТАРЬЧИХДАГ-

-Өсвөр насны хүүхдүүд ялангуяа энэ асуудалд их өртөж байна гэлээ. Үүний шалтгаан нөхцлийг та юу гэж харж байна?

-Үүний шалтгааныг анзаараад үзэхээр нэг нэгийгээ даган дуурайдаг, мансууруулах бодисыг оруулж ирж байгаа хүмүүс өсвөр насны, оюун ухаан нь бүрэн тогтворжоогүй хүүхдүүд дээр туршилт хийгээд байна. Ялангуяа манлайлдаг, уриалдаг эсвэл атаман гэж яриад байдаг хүүхдүүдийг уруу татаж, тэр хүүхдүүдээр дамжуулж сүлжээ үүсгээд байна гэж би хардаг.

   “Доктор үүр” гар сарвууны эмнэлгийн гар сарвууны эмч О.Очирпүрэв

Над дээр ирж байсан хүүхдүүдийн зарим нь архи дарс уугаад “Нэг сэрсэн чинь миний гар ингэчихсэн байсан” гэж байгаа юм. Тэгэхээр архи дарс уулгаж, ухаан санааг нь хөөрлийн байдалд оруулж байгаад гар руу нь тарьчихдаг юм шиг байгаа юм. Эхэндээ бол үнэгүй тарьдаг гэсэн. Тэгж байгаад үнэтэй тариад эхлэнэ. Хамгийн аюултай нь зах дээр эм зарж байгаа хүмүүс явж байдаг. Угаасаа андашгүй 35-аас 50 орчим насны эмэгтэйчүүдийг хараад л “Байна уу” гэж яриад л, нөгөө хүмүүс нь “Чи намайг алав аа” гээд яриад өгдөг гэсэн.

Тэгэхээр иймэрхүү хүмүүсийг болиулмаар байна. Дээрээс нь уриалан дуудаад байгаа хүүхдүүдийг болиулах асуудал байна. Хар тамхитай тэмцэх албаныхан энэ талаар нилээн ажил хийдэг юм билээ. Ангиараа, сургуулиараа бараг тийм асуудалд ороод тэднийг шалгасан тохиолдол ч гарсан юм билээ. Гэхдээ хүч нь хүрэхгүй байх шиг байна.

-ЭНЭ ӨВС УРГАМАЛД ДОНТСОН ХҮҮХЭД АМЬДРАХ ИТГЭЛГҮЙ БОЛДОГ-

-Гар гэдэг бол маш чухал эрхтэн шүү дээ. Гараа алдсанаас үүдээд өөр ямар эрсдэл үүсч болох уу?

-Гар бол бүх зүйлд хүрдэг, бүх зүйлийг хийдэг чухал эрхтэн. Гаргүй болно гэдэг бол амьдралаа алдаж байна л гэсэн үг. Надад тохиолдсон хамгийн харамсалтай кэйсүүдийн нэг бол “Нэг гараа тайруулчихаад ахиж хашрахгүй нөгөө гартаа дуудлагын сувилагчаар уян зүү хийлгээд тариа хийлгэсэн байгаа юм. Тэгээд ахиад нөгөө гараа тайруулсан. Ингээд эцэст нь амиа хорлосон” явдал. Хамгийн харамсалтай нь хүүхдүүд ид хийж бүтээх залуу насандаа гаргүй болж, тахир дутуу болж, амиа алдаж байна. Дээрээс нь энэ чинь сэтгэл гутралд оруулах үйлчилгээ үзүүлдэг учраас нэг донтсон хүүхэд ахиад амьдрах итгэлгүй болдог.

Хамгийн айгаад байгаа зүйл бол нэгэнт энэ өвс ургамалд донтсон хүүхэд "Таны ойр дотны хүн биш болчихно" гэдгийг ойлгож сайн анхаарах хэрэгтэй байна. Анхан шатан дээр нь СЭМҮТ-д үзүүлж, хүндрээд ирвэл гарны эмнэлэгт хандаад, яаралтай арга хэмжээ авах шаардлагатай.

-Эцэг эхчүүд хүүхдээ энэ төрлийн асуудалд орсныг анхан шатанд нь хэрхэн таньж мэдэх, урьдчилан сэргийлэх боломжтой вэ?

-Хамгийн аймар нь эцэг эхчүүд мэддэггүй. Бүүр орчихсон хойно нь мэддэг. Жишээ нь, хүүхдүүд хуруу гар нь харлаад хөхрөөд ирэхээр эмнэлэгт ханддаг. Тайрахаас өөр аргагүй болжээ гэсэн үед нь л ээж аав нь мэддэг. Тэр болтол ээж аав нь ерөөсөө мэддэггүй. Тэгэхээр эцэг эхчүүд хүүхдүүдээ маш сайн анхаарах хэрэгтэй. Хөл гарных нь судаснуудыг тарианы ором байна уу гэдгийг сайн шалгаж байх хэрэгтэй.

Над дээр хүүхдийнх нь гар харлаад ороод ирсэн ээжийн ингэж ярьж байсан. Хүүхэд нь нүдэн дээр нь татаад унаад байхаар өөрөө нөгөө эм, ургамлыг нь авахаас аргагүй болсон. Таньдаг эмч, эмнэлгийн хүмүүс рүү хандаж ярьж байгаад олж өгсөн гэсэн. Хүүхэд нь яг тарчлаад сууж байгааг хараад суух эцэг эхчүүдэд мэдээж хэцүү. Гэхдээ яг үнэндээ үүнийг таслан зогсоох арга хэмжээ авахгүй л бол энэ байдал үргэлжилсээр байна. Хүүхэд нь энэ зүйлд нэг л орсон бол хүүхдээ алдсан гэдгээ ойлгож ухаарах, эмчлэх арга чарга юу байна гэдгийг судлах хэрэгтэй. Гэхдээ нэгэнт орсон хүүхдийг зогсоох аргагүй учраас аль болох орохоос нь өмнө сэргийлэх, аль болох хүүхэдтэйгээ сайн ярилцаж, үүнээс хол байхыг сануулах хэрэгтэй. Архи дарс бол учиртай. Архи дарснаас аюултай зүйл гэдгийг ойлгуулах хэрэгтэй.

-ӨВДСӨН ДАРУЙДАА ЭМНЭЛЭГТ ХАНДВАЛ ХУРУУ ГАРАА ТАЙРУУЛАХГҮЙ АВРАГДАХ БОЛОМЖТОЙ-

-Нэг, хоёр удаа тариулсан ч гар хуруунаасаа салахгүйгээр эдгэрэх найдлага боломж бий юу?

Ерөөсөө тариад эхлэхээр шууд өвдөөд эхэлдэг. Тэр үед хүүхдүүд эцэг эхдээ хэлэхээс айдаг. Уг нь өвдсөн даруйдаа тэр хүүхэд эмнэлэгт хандах юм бол хуруу гараа тайруулахгүй аврагдах боломжтой. Гэхдээ эмч нэг удаа аргалаад явуулахаар дараа дахиад нөгөөхөө хэрэглэх гээд байдаг. Гэтэл энэ зүйл нь бага багаар архагшаад судсыг бөглөөд, мэдрэлийг үхжүүлээд эхэлдэг. Тэгж явсаар нэг л өдөр гаргүй болоход хүрдэг. Тэрийг мэдэхгүй эмч аргалчихдаг гээд хөнгөмсгөөр найдаад явдаг тал бий.

Бас нэг аюултай зүйл нь эхлээд нэг хийж үзээд, яваандаа хоёр, гурав болоод гурваас дээшлээд ирэхээр гар хуруу нь харлах, мэдрэл үхжих, судас бөглөрөх асуудлууд гарч эхэлдэг. Бага багаар тунгаа нэмэгдүүлээд байдаг. Хамгийн аюултай нь эмчлэхээс гарцгүй. Эмч эмчлээд өгөхөөр “Ингээд болдог юм байна” гээд бодчихдог. Ерөөсөө л бадайраад өвдөөд эхлэх л юм бол “Аюултай болсон” гэдгийг ойлгох хэрэгтэй.

-Нэгэнт орсон хүүхдэд эдгэрэх, аврагдах боломж бий юу?

-Нэгэнт орсон хүүхдэд ямар ч найдлага байхгүй. Та хүүхдээ алдчихлаа л гэж бодох хэрэгтэй.  Тийм болохоор хэвлэл мэдээллээр энэ талаар сайн сэрэмжлүүлж мэдээлэх хэрэгтэй байна. Бас нэг осолтой зүйл нь дуудлагын сувилагч дуудаад уян зүү хийлгэж байгаад тариулдаг. Ахин дахин судас руу хатгахаас сэргийлээд уян зүү тавиулаад долоо хоног хүртэл нөгөөхөө шахаад байж байдаг. Тэр хооронд уян зүүнд нь бохир ордог. Тунгаа хэтрүүлээд мэдрэл булчин нь үхжээд эхэлдэг. Дээрээс нь эмийн асуудлыг цэгцлэх ёстой. Хар тамхи зарж байгаа хүмүүс чинь хэдэн төгрөг хийхээ л бодож байна. Мөнгөтэй л бол бүхнийг хийж болж байна. Тэгэхээр энэ асуудал дээр цааз гэх нь юу юм. Маш өндөр ял өгдөг болмоор байна.