Йорданы нийслэл Амман хотноо үргэлжилж буй Ази, номхон далайн орнуудын олимпын эрх олгох боксын тэмцээний найм дахь өдөр /2020.03.10/ мөнгөн медалийн төлөө 63 кг-д Б.Чинзориг, Узбекстаны боксчин Абдураимов Елнуртай хүч үзэж 3:2-оор ялагдаж хүрэл медалийн болзол хангажээ.
Ийнхүү Армийн дэлхийн аварга, ОУХМ Б.Чинзориг Монголын боксчдоос “Токио-2020” олимпын эрх авсан анхны тамирчин боллоо.
Монголын боксын шигшээ багийн хоёр дахь эрхийн төлөө эрэгтэйчүүдийн 75 кг-д ОУХМ О.Бямба-Эрдэнэ өнөөдөр /2020.03.11/ Ираны боксчин М.Сеидшахинтай хүчээ сорино. Энэ удаагийн тэмцээнээс хөнгөн жинд эхний зургаа, дунд жинд эхний тав, хүнд жинд эхний дөрвөн байрт шалгарсан тамирчдад “Токио-2020” олимпын рингэнд тулалдах эрх олгох юм. Харин энэ удаа Амманд ялагдал хүлээвэл Парис хотноо тавдугаар сард цугларч, олимпын наадамд хүч сорих үлдсэн эрхийг авахын төлөө тулалдах юм байна.