Амьсгалын замын вирусын халдварт өвчин болох хүний метапневмовирус (HMPV) гэж тодорхойлсон вирус Хятадын хойд мужуудад тархаж эхэлжээ. Уг вирусээр ялангуяа хүүхдүүд их өвчилж байгаа аж.
Хятадын эмнэлгүүд HMPV-ийн халдвар авсан хүмүүсээр дүүрч, Ковидийн анхны дэгдэлттэй төстэй дүр зураг ажиглагдаж байгаа талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. Хятадын Эрүүл мэндийн байгууллагууд халдварын тархалтыг хянах, зохицуулах яаралтай арга хэмжээ авч байгаа аж. Харин Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин баасан гарагт хэлэхдээ, "Өвлийн улиралд амьсгалын замын халдвар дээд цэгтээ хүрдэг. Өвчин өмнөх жилтэй харьцуулахад бага зэрэг хүндэрч байгаа ч тархалт бага байна" гэж мэдэгджээ.
-"HMPV" ВИРУС ГЭЖ ЮУ ВЭ-
Хүний метапневмовирус буюу HMPV нь ханиад, томуутай төстэй шинж тэмдэг үүсгэдэг амьсгалын замын вирус юм. Өвчин нь ихэвчлэн хөнгөн боловч уушгины хатгалгаа, ялангуяа нярай, өндөр настан, дархлаа султай хүмүүст хүнд хэлбэрийн өвчлөл үүсгэдэг. Энэ вирус нь шинэ зүйл биш боловч Хятадын хойд хэсэгт, ялангуяа 14-өөс доош насны хүүхдүүдийн дунд өвчлөл нэмэгдэж байгаа нь олны анхаарлыг татаад байна.
2001 онд анх тодорхойлсон HMPV нь амьсгалын замын дусал эсвэл бохирдсон гадаргуутай харьцах замаар тархдаг нэг судалтай РНХ вирус юм.
Халдвар нь өмнө нь янз бүрийн улс оронд бүртгэгдэж байсан. Шинж тэмдэг нь ханиалгах, халуурах, хамар бөглөрөх, ядрах зэргээр илэрдэг бөгөөд вирусын нуугдмал хугацаа 3-6 хоног байдаг байна. Ковид-19-ээс ялгаатай нь HMPV-ийн эсрэг вакцин эсвэл вирусын эсрэг тусгай эмчилгээ байдаггүй аж. Цаг агаар хүйтэрч, дотоод орчны идэвхжил нэмэгдсэн нь амьсгалын замын вирусын тархалтыг нэмэгдэхэд хүргэж байна гэж мэдээлжээ.
-"HMPV" ВИРУС БУСАД ОРОНД ТАРХАХ БОЛОМЖТОЙ ЮУ-
Хонконт HMPV-ийн цөөн хэдэн тохиолдлыг мэдээлсэн. Камбож, Тайвань зэрэг хөрш орнууд нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байна. Камбожийн Халдварт өвчинтэй тэмцэх хэлтэс нь HMPV-ийн талаар сэрэмжлүүлэг гаргаж, энэ нь Ковид-19 томуутай төстэй болохыг мэдээлжээ. Харин Тайванийн Өвчний хяналтын төвөөс вирус хүүхэд, өндөр настан, дархлаа султай хүмүүст өндөр эрсдэлтэй гэж мэдэгдэв. Түүнчлэн Энэтхэгт HMPV нь "амьсгалын замын бусад вирус шиг тул сандрах шаардлагагүй" гэж албаны хүмүүс мэдэгдэв.
Мөн БНХАУ-ын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч мэдээлэлдээ, "БНХАУ-д ирж буй гадаадын иргэдийн эрүүл мэндэд Хятадын засгийн газар санаа тавьж байгаа тул БНХАУ-д зорчих нь аюулгүй" гэжээ.