Б.Энхсаруул: Чех, Испани, Франц, ОХУ зэрэг олон улсын тэмцээнд амжилттай оролцож "Оны онцлох хүүхэд" болсон /ВИДЕО/

Б.Энхсаруул: Чех, Испани, Франц, ОХУ зэрэг олон улсын тэмцээнд амжилттай оролцож "Оны онцлох хүүхэд" болсон /ВИДЕО/

2024 оны урлаг, уран бүтээл номинацийн оны онцлох хүүхэд болсон, Монгол Улсын консерваторын 8А ангийн сурагч Б.Энхсаруултай ярилцлаа.

ВИДЕО:

Юуны өмнө үзэгчдэд өөрийгөө танилцуулахгүй юу?

Намайг Батжаргалын Энхсаруул гэдэг. Би Монгол Улсын консерваторын 8А ангид сурдаг. Гэрийнхэн намайг хөгжмийн авьяастай юм байна гэж бодоод Монгол Улсын консерваторд 2017 онд элсэлтийн шалгалт өгүүлээд тэнцэж байсан.

-Гэр бүлд нь хөгжим тоглодог, хөгжмийн авьяастай хүмүүс байдаг уу?

Манай аав ээж хоёр хоёулаа нягтлан бодогч. Манай аав дунд сургуульд байхдаа дуулж, гитар тоглодог байсан гэсэн. Манай ээж бол хөгжимтэй ер нь ямар ч холбоогүй хүн гэж хэлж болно. Ааваасаа жаахан авьяас авсан байж магадгүй.

-Хаан хөгжим төгөлдөр хуураар яагаад хичээллэх болов. Төгөлдөр хуурын юу нь чамайг татсан бэ?

Жаахан байхдаа анх жижигхэн тоглоомон төгөлдөр хуур дээр тоглож сурсан. Тийм болохоор ээж аав хоёр төгөлдөр хуур нь илүү нийцтэй байх гэж бодоод намайг төгөлдөр хуурын ангид өгсөн.

-Төгөлдөр хуурч хүн тайзан дээр ганцаараа гараад үзэгчдийг уйдаахгүй байх гэдэг том даалгавар шиг санагддаг. Чиний хувьд тайзан дээр гарахад ямар санагддаг вэ?

Ямартаа ч тайзан дээр гарахаасаа өмнө би аймар айдаг. Юу болох бол, алдчих вий, энэ олон хоногийн хөдөлмөрөө талаар болгох вий гэдэг айдас байнга л байдаг. Тэр болгонд ээж аав, багш намайг араас дэмжиж байдаг болохоор аль болох сандрахгүйг хичээдэг. Би бас өөрөө жаахан сандруу хүн байхгүй юу. Ямартаа ч тэрийгээ бас даван туулахыг хичээгээд явж байна. Хамгийн анх багадаа тайзан дээр гарахдаа сурсан аяаа л тоглож үзье гээд гарч байсан. Одоо болохоор зөндөө олон бодол эргэлдээд гоё тоглочих юмсан, амжилттай дуусгах юм сан гэж боддог болсон. Тайзан дээр гараад хамгийн их бодогддог зүйл нь болохоор үзэгчиддээ л таалагдаасай гэсэн бодол төрдөг.

-Төгөлдөр хуур дээр хамгийн анх ямар ая тоглож сурсан бэ?

Хамгийн анх тоглож сурсан ая нь этюд байсан байх. Хоёроос гурван актав дарааллаад тоглодог. Хурууны хөдөлгөөн дасгал байхгүй юу. Хамгийн анх бидний өгч байсан шалгалт болохоор гамма байдаг.

-Зургаан настайгаа төгөлдөр хуураар хичээллэсэн гэхээр багагүй хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд шантрах үе гарч байсан уу?

Шантрах үеүд надад зөндөө гарч байсан. Ялангуяа илүү том тоглолтонд орохоос өмнө надад тэр ая нь муу сонсогдох ч юм уу, тийм үед би их шантарч байсан. Шантрах үе зөндөө гардаг ч даван туулаад явж байна.

-Өөрийнхөө мөрөөдлөөс хуваалцахгүй юу?

Миний мөрөөдөл болохоор илүү олон тэмцээнд оролцоод эх орныхоо нэрийг өргөөд илүү амжилттай явахыг мөрөөдөж байгаа.

-2024 он чиний хувьд амжилт бүтээлээр дүүрэн он байсан болов уу. Ямар ямар амжилт гаргасан болохоор оны онцлох хүүхэд болсон бэ?

Урлаг уран бүтээл номинацид бол арав гаруй хүүхэд байсан. Би болохоор урлаг уран бүтээлийн номинацид шалгарахдаа энэ 2024 онд гадаадын олон тэмцээн уралдаанд амжилттай оролцсон. Чех, Испани, Франц, ОХУ гэх мэт олон улсын тэмцээнүүдэд амжилттай оролцсон болохоор энэ номинацид шалгарсан.

-Чиний хувьд үлгэр жишээ авдаг, түүн шиг болох юм сан гэж боддог төгөлдөр хуурчид байдаг уу?

Тийм болох юм сан гэж боддог төгөлдөр хуурч бол Yu Jang. Тэр бол Азиас тодорч гарч ирсэн эмэгтэй төгөлдөр хуурч. Тийм болохоор надад энэ хүн шиг болох боломж гарна гэж боддог.

-Тэгвэл тоглож сурах юм сан гэж боддог хамгийн гоё санагддаг сонгодог зохиол бий юу?

-Миний хамгийн тоглож сурахыг хүсдэг, миний мэдрэмжийг хөглөж өгдөг хөгжим бол П.И.Чайковский Прокоровлый. Тэр аяыг өмнө нь би дараад сурсан байсан. Гэхдээ одоо ахиад илүү сайжраад тайзан дээр тоглох юм сан гэж боддог.

-Гадаадын олон орноор тэмцээнд явдаг гэлээ. Тэмцээн уралдаанд ороод явахад үе тэнгийнхнээсээ бусдаас илүү их суралцдаг болов уу?

-ОХУ-д тэмцээнд орох үед миний бэлтгэл их муу байсан гэж бодогддог. Тэгээд тэмцээнд ороход миний үеийн хүүхдүүд аяаа илүү сайн сонсож, мэдэрч чадаж байсан. Тэр үед би миний өмнө тоглож байсан хүүхдийг сонсоод би ижилхэн настай юм чинь яагаад ингэж тоглож болохгүй юм бэ гэж бодсон. Тэгээд илүү төгөлдөр хууртаа хичээе гэж бодсон.

-Чамайг ковидын үед олон тэмцээн уралдаанд онлайнаар оролцсон гэж сонссон. Тэр талаараа хуваалцахгүй юу?

Ковидын үед ямар ч байсан миний санаж байгаагаар таван онлайн тэмцээнд орж байсан. Тэд нар нь болохоор тайзан дээр тоглож байгаа юм шиг тоглоод камераар юм уу утсаар бичээд бичлэгээ шүүгчид рүү явуулдаг байсан. Өөр улсаас шүүгчид шүүгээд хэр байсан, хоёрдугаар шатанд тэнцсэн эсэхийг хэлдэг. Тэр онлайн тэмцээнүүдээс 2-3 удаад нь байр эзэлсэн.

-Өнгөрсөн хугацаанд гаргасан хамгийн том амжилт чинь юу байсан бэ?

- Миний бодлоор хамгийн том амжилт бол мэдээж нэгдүгээр байр, Гранпри хоёр. Хангал зохиолчийн тэмцээнд би ангилалдаа ороод нэгдүгээр байранд орсон. Тэр үед би өөрийнхөө тоглосон аяыг сайн тоглосон гэдгээрээ бахархдаг. Тэр бол миний гаргасан хамгийн том амжилт гэж боддог.

-Чамайг өдөр бүр аав нь бэлтгэл сургуулилтад нь зөөдөг гэж сонссон. Аавдаа хандаж хэлмээр санагддаг үг бий юу?

Манай аав болохоор намайг тэмцээнд оролцоод амжилт гаргаж чадаагүй үед сэтгэл санаагаар дэмжээд инээдтэй зүйл ярьж, “За зүгээр ээ дараагийн тэмцээн байгаа шүү дээ” гээд намайг их сайн дэмждэг. Тэрэнд нь маш талархдаг.

-Чөлөөт цагаараа юу хийдэг вэ?

Чөлөөт цагаараа аль болох төгөлдөр хуураа давтахыг хичээдэг. Гэхдээ мэдээж байнга давтдаггүй учраас амраад зураг зурах, тоглоом тоглох, салхилах дуртай.

-Сонгодог урлагаар хичээллэдэг болохоор “Цөмөөхэй” балетыг үздэг үү?

-Цөмөөхэйг бол бараг насаараа л үзэж байна. Тоглогдох болгонд нь очиж үздэг. Жил бүр шинэ шинэ зүйл хийдэг болохоор тэр нь илүү сонирхолтой санагддаг. Энэ жил юу хийх бол гэсэн хүлээлттэй очдог. Энэ боломжийг ашиглаад ойр дотны найзууддаа намайг тэмцээнд ороод гоё угтаж аваад бэлэг өгдөгт баярладаг шүү.

  




Өнөөдөр бар өдөр

18 цагийн өмнө