Залуучуудын шигшээ багийн дасгалжуулагч О.Батхүү шигшээ багийн тамирчин Х.Энх-Амарт зодуулсны улмаас эмнэлэгт хүргэгджээ. Учир нь боксын шигшээ багийн тамирчид Хандгайд бэлтгэл хийж байх үеэр шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Батсүрэн, “Х.Энх-Амарын оронд ДАШТ-ий хүрэл медальт Э.Цэндбаатарыг 56 кг-ын жинд өрсөлдүүлэхээр болсноо” дуулгажээ.
Гэтэл уг шийдвэрийг Х.Энх-Амар эсэргүүцэж маргалдах үед Залуучуудын шигшээ багийн дасгалжуулагч О.Батхүү ирж салгах явцдаа зодуулж гэмтсэн байна. Х.Энх-Амарын хувьд энэ жилийн УАШТ-д 56 кг-ын жинд түрүүлсэн юм. Харин Э.Цэндбаатар 63 кг-ын жинд мөнгөн медаль хүртэж, олимпийн эрхийн тэмцээнд явах боломжгүй болсон юм. Гэтэл багш нь түүний жинг буулгаж Х.Энх-Амарын оронд өрсөлдүүлэхээр болсонд тэрээр ийнхүү бухимджээ гэж Өдрийн сонины өнөөдрийн дугаарт нийтэлжээ.