Г.Энхсондор: Миний мөрөөдөл биелж, “Цөмөөхэй” жүжгийн Клара охины дүрд тоглосондоо баяртай байна /ВИДЕО/

Г.Энхсондор: Миний мөрөөдөл биелж, “Цөмөөхэй” жүжгийн Клара охины дүрд тоглосондоо баяртай байна /ВИДЕО/

Улсын дуурь бүжгийн эрдмийн театр шинэ жилийн баярыг угтаж П.И.Чайковскийн алдарт “Цөмөөхэй” балетыг эдгээр өдрүүдэд тавьж, бяцхан үзэгчдээ ид шидийн ертөнцөөр аялуулж байна. Тэд жил бүр тус балетын гол дүрүүдэд авьяаслаг бяцхан хүүхдүүдийг шалгаруулж, тайзан дээр гарч мөрөөдлөө биелүүлэх боломж олгодог билээ. Тэгвэл энэ жилийн тухайд “Цөмөөхэй” балетын Клара охины дүрд гурван охин ээлжлэн тоглож байгаа бөгөөд тэдний нэг 10 настай балетчин Г.Энхсондортой бид ярилцлаа.

ВИДЕО:

-Үзэгчдэд өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг Гансүхийн Энхсондор гэдэг. Би найман наснаасаа “Монголын балетын хөгжил сан”-д хичээллэж эхэлсэн. Гэртээ ээж, эмээ, эгчтэйгээ амьдардаг.

-“Цөмөөхэй” жүжгийн Клара охины дүрд хэрхэн сонгогдсон бэ?

-Кларагийн дүрд гурван охин тоглож байгаа. Ер нь бол жүжиглэх чадвар, бүжиглэх чадвар сайн байх ёстой гэсэн. Энэ дүр дээр таван охин өрсөлдөөд гурав нь сонгогдсон. Ер нь бол хурдан сурах охидуудыг сонгосон.

-Үүнээс өмнө тайзан дээр жүжигт тоглож байсан уу. Ямар ямар дүр бүтээж байсан бэ?

-Анх найман настайдаа “Цөмөөхэй” балетын жижиг хүүхэлдэйн дүрд тоглож байсан. 2023 онд плашнел, жинжер болж байсан. Тэгээд энэ жил Кларагийн дүрийг бүтээх гэж байгаа. Би багадаа Кларагийн дүрийг бүтээхийг хүсдэг байсан. Энэ жил мөрөөдөл минь биелж Кларагийн дүрийг бүтээж байгаадаа баяртай байна.

-Кларагийн дүрд тоглохын хамгийн хэцүү нь, бас хамгийн гоё нь юу байсан бэ?

-Өргүүлэх нь хэцүү байсан. Бүжиглэх нь хамгийн гоё байсан.

-“Цөмөөхэй” жүжгийн хамгийн гоё хэсэг нь юу вэ?

-Цөмөөхэй амилдаг хэсэг нь маш гоё санагдсан. Бас цас ордог хэсэг, баярын хэсэг нь гоё.

- “Цөмөөхэй” балетын гол дүрд тоглоод анх удаа тайзан дээр гарах гэж байна. Сандарч байна уу. Ер нь ямар санагдаж байна?

-Аймар сандарч байна. Маргааш тайзан дээр жаахан алдана гэж бодож байна.

-Тайзан дээр жүжигчид алдаж байгааг үзэгчид тэр бүр мэддэггүй гэж ярьдаг юм билээ?

-Гол дүр алдаа гаргавал эвгүй харагддаг.

-Шинэ жилийн баярын юу нь чамд гоё байдаг вэ?

-Гацуур засах, бэлэг авах нь гоё. Ер нь бол багадаа Санта клаус байдаг гэж итгэдэг байсан. Энэ жилээс итгэхээ больсон.

-Ид шидэнд итгэдэг үү. Ид шидтэн гарч ирвэл юу хүсэх вэ?

-Мөрөөдлөө биелүүлэх.

-Мөрөөдөл чинь юу вэ?

-Балетын жүжигчин болох.

-Анх яагаад балетаар хичээллэх болсон бэ?

-Анх зурагтаар үзээд бүжигчин бүжиглэж байгааг хараад балетчин болохыг мөрөөдсөн. Ээж намайг сонирхоод байхаар балетаар хичээллүүлж эхэлсэн.

-Балетаар хичээллэхэд хэцүү санагддаг зүйл бий юу?

-Жүжиглэх, сунгалт.

-Балетаар долоо хоногт хэдэн өдөр, хэдэн цаг бэлтгэл хийдэг вэ?

-Долоо хоногийн таван өдөр, өдөрт 3-5 цаг бэлтгэл хийдэг.

-Балетаар хичээллэж эхэлснээс хойш ямар ямар амжилт гаргаж байсан бэ?

-Монголын балетын үндэсний сургуулийн тэмцээнд анх хүрэл медаль авч байсан. Тэгээд дараа нь өнгөрсөн хавар Токио руу яваад багийн төрлөөр алт, гоцлол төрлөөр алтан медаль авч байсан. Токиогийн тайз ногоон өнгөтэй, гоё тайз байсан. Өрсөлдөгч маш их байсан. Би том болоод “Хунт нуур”-ын гол дүрд тоглохыг маш их хүсдэг. Бас Оросын балетын сургуульд сурахыг хүсдэг.