LIVE: "Монголын нууц товчоо"-оос сэдэвлэсэн хүлэг баатар Боорчийн тухай "Тэнгэрийн элч" түүхэн дуурийг энэ сард тоглоно

LIVE: "Монголын нууц товчоо"-оос сэдэвлэсэн хүлэг баатар Боорчийн тухай "Тэнгэрийн элч" түүхэн дуурийг энэ сард тоглоно

УДБЭТ-ын хамт олон 2025 оны босгон дээр  шинэ уран бүтээлээ  өлгийдөн авахад бэлэн боллоо.

Тодруулбал, “Монголын нууц товчоо”-оос сэдэвлэн бүтээсэн түүхэн дуурь “Тэнгэрийн элч”  шинэ дуурийг энэ сарын 28, 29-нд тоглох гэж байна. Энэхүү дуурь нь Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ивээл дор, Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 385 жилийн ойн хүрээнд бүтээгдэж байгаа юм. “Тэнгэрийн элч” дуурийн цомнолыг МУСТА Л.Даваасүрэн Б.Энхтуяа, хөгжмийг нь  МУАЖ А.Энхтайван бичиж,  ерөнхий продюсероор УДБЭТ-ын захирал МУГЖ Д.Алтанхуяг, ерөнхий найруулагчаар МУСТА С.Баттулга, ерөнхий удирдаачаар МУСТА Ц.Тэлмүүн-очир, ерөнхий хормейстерээр МУУГЗ Н.Дашбямба, балетмейстерээр МУСТА М.Нямтайван, туслах найруулагчаар Б.Мэндбаяр, зураачаар Ж.Болортүвшин, хөтлөх найруулагчаар МУСТА Б.Цэрэндаваа нар ажиллаж байгаа юм.

“Тэнгэрийн элч” дуурь нь  Монголын нууц товчоо,  Их эзэн Чингис хааны түүхээс сэдэвлэн бүтээгдсэн, монголын  түүх уламжлалаа хойч үедээ  үнэн зөвөөр  ойлгуулж, өвлүүлэн уламжлуулах зорилготойгоор  бүтээгдэж буй үндэсний  дуурь юм. Дуурийн гол агуулга нь Тэмүжин эцэг Есүхэй баатраас үлдээсэн өв болох найман шарга морьдоо алдаад нарийн өвсний налархай даган хайж явсаар хөхүүрийн талд хүрч Аралуд аймгийн Наху баяны хүү Боорчтой анх танилцаж анд барилдсан цагаас хойш их Монгол улсыг нэгтгэн төр улсыг төвшитгөх хүртэл хамт зүтгэж мөнх тэнгэрийн элч хэмээн өргөмжлөгдөж явсан Боорчийн үнэнч сэтгэл, эр хүмүүний нөхөрлөлийг харуулсан түүхэн сэдэвт бүтээл юм.

ВИДЕО:

“Тэнгэрийн элч” дуурийн гол ба туслах  дүрүүдэд:

  • Тэмүүжин /Баритон/- УДБЭТ-ын гоцлол дуучин МУСТА Э. Бумхүү, 
  • Боорчи/Тенор/- УДБЭТ-ын гоцлол дуучин МУСТА Б.Батжаргал, МУСТА М.Даваадорж,
  • Өэлүн үжин /Меццо Сопрано/- УДБЭТ-ын гоцлол дуучин МУСТА Ж.Энхмаа, Б.Уранзолбоо,
  • Наху баян /Басс баритон- УДБЭТ-ын гоцлол дуучин МУСТА С.Батэрдэнэ, МУСТА Ж.Бямбажав,
  • Оюутсэцэн/Сопрано/- УДБЭТ-ын гоцлол дуучин МУСТА Б.Энхнаран МУСТА Г.Энхнаран
  • Хэрлэнжин Гоо /Меццо сопрано/- УДБЭТ-ын гоцлол дуучин  МУГЖ М.Дариймаа, Т.Чулуунчимэг,
  • Бөртэ сэцэн/Сопрано/- УДБЭТ-ын гоцлол дуучин  МУГЖ С.Мөнгөнцэцэг, МУГЖ Б.Эрдэнэтуяа,
  • Хасар /Тенор/- УДБЭТ-ын гоцлол дуучин  МУСТА Г.Шижирболд, МУСТА Ө.Цэрэнчунт,
  • Бэлгүдэй /Баритон /- УДБЭТ-ын гоцлол дуучин  МУСТА Э.Отгонбат, Б.Монголхүү,
  • Гарьдхүү /Тенор/-. УДБЭТ-ын гоцлол дуучин МУГЖ  Б.Гомбо-очир, МУСТА Эрдэнэ-очир,
  • Хадаан /Сопрано/- УДБЭТ-ын  гоцлол дуучин МУГЖ Ө.Уянга, МУСТА  Б.Одонзаяа зэрэг уран бүтээлчид тоглохоор бэлтгэл ажлаа хангаад байна.