Өнөөдөр төв болон говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орох тул зам даваа гүвээнд халтиргаа гулгаа үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдаж болзошгүйг анхааруулж байна.
Нутгийн баруун хэсгээр багавтар үүлтэй, бусад нутгаар үүлэрхэг. Төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно. Салхи нутгийн зүүн хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр байна.Ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгор, Завхан голын эхээр -25…-30 градус, Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -20…-25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Монголын тал нутгаар -8...-13 градус, бусад нутгаар -13...-18 градус хүйтэн байна. Улаанбаатарт үүл багасаж, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө -13…-15 градус хүйтэн байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.