Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, улмаар бусдын эрүүл мэнд, амь насанд хохирол учруулах явдал цөөнгүй гардаг.
Тэгвэл эл төрлийн гэмт хэрэг арванхоёрдугаар сард нэмэгддэг гэдгийг албаныхан тодотгож байгаа юм. Учир нь иргэд, аж ахуй нэгжүүд шинэ жилийн баяраа тэмдэглэж, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүмүүс тээврийн хэрэгсэл жолоодож, гэмт хэрэг зөрчил гаргадаг байна.
-ХҮҮХЭДТЭЙГЭЭ ЯВЖ БАЙСАН ИРГЭНИЙГ МӨРГӨЖ, ХЭРГИЙН ГАЗРААС ЗУГТЖЭЭ-
Тухайлбал, Ч.Д тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтуурсан үедээ буюу 2023 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдөр 18 цаг 40 минутын орчимд Баянгол дүүргийн арванхоёрдугаар хороо, Энхбаярын замд “Тоёота Приус-30“ маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо явган зорчигч Б.Б, насанд хүрээгүй Б.А нарыг мөргөж, Б.Б-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж, хэргийн газраас зугтахыг завдсан байна. Тус хэргийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ оны арванхоёрдугаар сарын 03-ны өдөр хэлэлцээд тухайн жолоочийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хоёр жилийн хугацаагаар тэнсэн харгалзах ял оноожээ.
-СОГТУУГААР ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЖОЛООДСОН 25.7 МЯНГАН ЖОЛООЧИЙГ ИЛРҮҮЛСЭН БАЙНА-
Энэ оны арваннэгдүгээр сарын байдлаар 25 мянга 745 хүн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явсныг Тээврийн цагдаагийн албанаас илрүүлсэн байна.
Эдгээр иргэдийн 20 мянга 855 нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй хүн байсан бол 2015 нь жолоодох эрхээ хасуулсан байжээ. Харин 2875 нь жолоодох эрхийн үнэмлэхгүй байсан аж.
Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, бусдын эрүүл мэнд, амь насанд хохирол учруулсан харамсалтай, сэтгэл эмзэглүүлэм дүр зурагтай осол ч олонтой гарч буй.
Тухайлбал,
- Нийслэлийн Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Нисэхийн эцэс буюу 230 дугаар цэцэрлэгийн урд замд энэ оны арваннэгдүгээр сарын 01-ний оройн 17.05 минутын орчимд жолооч С нь хүнд зэргийн согтолттой үедээ "Toyota Prius-30" маркийн автомашиныг жолоодож хөдөлгөөн эхлэх үедээ зогсоолд байсан "Toyota Prius" маркийн хоёр автомашиныг мөргөж улмаар явган хүний замаар явж байсан явган зорчигч 63 настай, эмэгтэйг мөргөж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан бичлэг цацагдаж байв.
- Мөн 11 дүгээр сарын 03-ны 19:00 цагийн үед Чингэлтэй дүүргийн 22-р хороо 293 дугаар цэцэрлэгийн ойролцоох чиглэлийн замд согтуу жолооч приус-20 маркийн автомашиныг жолоодож явахдаа айлын хашаа мөргөж, онхолдсон осол гаргасан байдаг.
Энэ мэтчилэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, бусдын эрүүл мэнд, амь насанд эрсдэл учруулахгүй байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.
Ташрамд өгүүлэхэд, Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд "Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон , мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1-3 жил хүртэл хасаж 2700 нэгжээс 14 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсвэл 240-720 цаг хүртэлх хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх эсвэл 6 сараас 3 жил хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар хорино" гэж заажээ.