Засгийн газраас “Шинэ хоршоо-Чинээлэг малчин хөтөлбөр”-ийг баталж, хэрэгжүүлж эхэлснээс хойш 2024.11.27 хүртэлх хугацаанд анхан шатны 6.599 хоршоо байгуулагдаж, 68.500 малчин хоршооны гишүүнээр элсэж, 17 мянга гаруй малчин 556 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын хөнгөлөлттэй зээлэнд хамрагджээ.
Тэдний нэг Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын “Элст цагаан тэмээт” хоршооны 11 малчин нэгдэн хоршиж 490.0 сая төгрөгийн зээл авсан байна. Зээл авсан 11 малчнаас 5 малчин нь хадлангийн тоног төхөөрөмж худалдан авчээ. Цагаан-Овоо сум нь хадлангийн бүс нутаг учраас малчид хамтарч өвлийн бэлтгэлээ базаахын зэрэгцээ хадлан бэлтгэж, борлуулаад илүү орлого олох боломжтой гэж тооцоолсон байна. Үүнээс гадна зарим малчид нь сайн үүлдрийн мал, сүү, цагаан идээ боловсруулах тоног төхөөрөмж авчээ.
Түүнчлэн, “Шинэ хоршоо” хөдөлгөөн өрнөсний ачаар малчид техниктэй болж, хөдөө аж ахуй болон жижиг дунд үйлдвэрлэлийн гол бэлтгэн нийлүүлэгч, бизнесмэн болох эрх зүйн орчин бүрдэж байгаад тус хоршооны малчид талархалтай байна гэжээ. Өмнө нь тус хоршооны зарим малчид, арилжааны банкны малчдад зориулсан зээл авч байсан бөгөөд жилийн 20-24 хувийн хүүтэй байсан нь хүндрэлтэй байсан гэнэ. Тэгвэл “Шинэ хоршоо”-ны хүрээнд олгогдож байгаа зээл нь 3-4 дахин бага буюу жилийн 6 хувийн хүүтэй байгаа нь малчдад бодит дэмжлэг болж байна хэмээн онцолжээ.