МҮХАҮТ-ын удирдах зөвлөлөөс Евроазийн эдийн засгийн холбоотой хийх түр хэлэлцээрийг хойшлуулах талаар мэдэгдэл гаргалаа

МҮХАҮТ-ын удирдах зөвлөлөөс Евроазийн эдийн засгийн холбоотой хийх түр хэлэлцээрийг хойшлуулах талаар мэдэгдэл гаргалаа

Монголын бизнесийн дуу хоолой болдог МҮХАҮТ-ын Удирдах зөвлөлөөс Евразийн эдийн засгийн холбоотой хийх чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг хойшлуулах талаар мэдэгдэл гаргалаа.

Уг мэдэгдэлд “Евразийн эдийн засгийн холбоотой худалдааны түр гэрээг тооцоо судалгаа хангалтгүй байхад хэт яаран байгуулах гэж байгаа нь эдийн засаг, дотоодын үйлдвэрлэлийн хөгжил, цаашлаад үндэсний аюулгүй байдалд ихээхэн эрсдэл учруулах алхам болж байна” гэж үзэж байгаагаа дурдсан байна. Евразийн эдийн засгийн холбоонд Бүгд найрамдах Армени Улс, Бүгд Найрамдах Беларус Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс, Бүгд Найрамдах Киргиз, Оросын холбооны улс багтдаг юм. УИХ-аас 2015 оны хоёрдугаар сард Монгол Улс, Япон Улс хоорондын Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг соёрхон баталсан.

Тэгвэл өнгөрсөн найман жилийн хугацаанд энэхүү хэлэлцээрээс Монгол Улс худалдаа, эдийн засгийн үр өгөөж хүртэж чадаагүй. Иймд энэ сургамжаасаа суралцах ёстой гэж МҮХАҮТ-аас үзсэн байна. “Хэлэлцээрийн төслийн хүрээнд тухайн асуудлыг хариуцсан төрийн болон төрийн бус байгууллагуудын оролцоог хангасан ажлын хэсгүүдээр асуудал болгоныг нягтлан хэлэлцэх санал гаргаж байсан ч ажил хэрэг болоогүй.

Дотоодын үйлдвэрлэлийг хамгаалах болон бизнес эрхлэгчдээс гаргаж байсан бусад саналыг тусгасан эсэх нь тодорхойгүй байна. Энэхүү түр хэлэлцээрийг байгуулах нь Монгол Улсын Их Хурал, Засгийн газраас аж үйлдвэр, боловсруулах үйлдвэрлэл, барилгын салбарыг дэмжих, хүнсний аюулгүй байдлыг хангах зорилгоор гол нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэх болон хөнгөлттэй зээл тусламжийн талаар баримталж байгаа төрийн бодлоготой зөрчилдөж байна” гэж танхим мэдэгдэлдээ дурдсан байна.




Өнөөдөр туулай өдөр

9 цагийн өмнө