Энэ сарын 10-нд баруун аймгуудын нутгаар, 11-нд баруун, төв, говийн аймгуудын нутгаар цас орж, ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг чангарахыг анхааруулж байна.
Нутгийн баруун хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын ихэнх нутгаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс, зүүн хагаст баруун хойноос секундэд 5-10 метр, зүүн аймгуудын нутгаар зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эхээр -21…-26 градус, Их нууруудын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Ерөө, Туул, Хэрлэн, Тэрэлж голын хөндийгөөр -15…-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар -3...-8 градус, бусад нутгаар -9...-14 градус хүйтэн байна. Улаанбаатарт үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. -11…-13 градус хүйтэн байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.