Маргаашаас эхлэн ихэнх нутгаар цас орж, хүйтний эрч чангарна

Маргаашаас эхлэн ихэнх нутгаар цас орж, хүйтний эрч чангарна

Маргааш буюу энэ сарын 09-нд нутгийн баруун хойд хэсгээр, энэ сарын 10-нд нутгийн баруун хагаст цас орж, хүйтрэхийг анхааруулж байна.

Тодруулбал, маргааш буюу энэ сарын 9-нд баруун аймгуудын нутгийн баруун болон хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, энэ сарын 10-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, энэ сарын 11-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр, энэ сарын 12-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.

Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, энэ сарын 9-нд Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Дархадын хотгор болон Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө -33...-38 градус, өдөртөө -20...-25 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө -25...-30 градус, өдөртөө -14...-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -13...-18 градус, өдөртөө -5…-10 градус, бусад нутгаар шөнөдөө -18…-23 градус, өдөртөө -10...-15 градус хүйтэн байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.