Гавьяат жүжигчин Д.Алтанхуяг захиралтай Дуурь бүжгийн эрдийн театрын хамт олон алдарт “Цөмөөхэй” балетыг 11 дахь жилдээ тоглоход бэлэн болжээ.
"Цөмөөхэй" балетыг дэглэн найруулсан Монгол Улсын соёлын элч Д.Алтанхуяг, "Жилийн турш ажил, хөдөлмөртөө автан өнгийх завгүй явсан Улаанбаатар хотын иргэд, хүүхэд багачуудад жил бүрийн арванхоёрдугаар сард тоглогддог “Цөмөөхэй балет” мартагдсан ид шид, хүсэл мөрөөдлийг эргэн авчирдаг. Айл гэр бүхэнд халуун дулаан уур амьсгал бүрдүүлж, хүүхэд насны дурсамж үлдээх болоод сайхан сэтгэл ямагт ялна хэмээх итгэлийг түгээх нь тус балетын зорилго юм. “Цөмөөхэй балет”-ыг үзсэн хүн бүхний царайнд гэрэл тодорч, зүрхэнд нь аз жаргалын гал дүрэлздэг ба сонгодог урлагийн тайзнаа сэтгэл догдлуулам түүхийг уран яруу хөгжим, бүжигтэйгээр үзсэн хүүхэд багачууд балетын ертөнцөд нэг мөсөн дурладаг" гэж онцолсон байна.
"Цөмөөхэй балет” нь анх тоглогдож эхэлснээсээ хойш ийнхүү 11 дахь жилдээ УДБЭТеатрын тайзнаа тоглогдох гэж байна. Тус балетад жил бүр балетад дуртай, балетаар хичээллэдэг хүүхэд багачуудыг сонгон шалгаруулан авч тоглуулдгаараа хүүхэд бүрийн мөрөөдөл болсон тоглолтууд жил бүрийн 12-р сард эгшиглэдэг уламжлалтай. Энэ жил 150 гаруй хүүхэд багачууд энэ жилийн тоглолтод оролцож, мэргэжлийн бүжигчний хариуцлагатайгаар сэтгэл догдлон бэлдэж 12-р сарын 07, 08, 14, 15, 21, 22-ний өдрийн 17.00 цагт УДБЭТ-ын тайзнаа тоглох “Цөмөөхэй ” балетад тоглох гэж байна.