“Бөртэ чоно-2024” ёслолын найруулагчаар УДЭТ-ын ерөнхий найруулагч Ч.Түвшин ажиллана

“Бөртэ чоно-2024” ёслолын найруулагчаар УДЭТ-ын ерөнхий найруулагч Ч.Түвшин ажиллана

Монголын спортын оны шилдгийг шалгаруулах “Бөртэ чоно-2024” тэргүүн дээд шагнал гардуулах ёслол энэ сарын 19-нд Улсын драмын эрдмийн театрт болох юм.

Тодруулбал 22 дахь удаагийн “Бөртэ чоно-2024” наадмын ерөнхий найруулагчаар урлагийн гавьяат зүтгэлтэн, УДЭТ-ийн ерөнхий найруулагч Ч.Түвшин ажиллах бөгөөд ёслолыг “Тэнгэр” телевиз орон даяар шууд дамжуулан хүргэнэ. Монголын спортын сэтгүүлчдийн санал асуулгаар тодруулдаг “Бөртэ чоно” наадмыг анхлан санаачилсан нь МҮОХ-ны дэд ерөнхийлөгч Ц.Дамдин агсан юм. Мөн наадам зохион байгуулах ажлын хэсэг хуралдаж, өмнөх наадмуудаас илүү шинэлэг хэлбэрээр явуулахаа мэдэгджээ. Өмнөх наадмуудыг МҮОХ-ноос зохион байгуулж ирсэн бол энэ удаагийн наадмыг ССАЖЗЯ, Биеийн тамир, спортын улсын хороо, Соёл урлагийн газар, УДЭТ, МҮОХ хамтран зохион байгуулах юм. Түүнчлэн наадмыг анх 2002 онд зохион байгуулахад бол анхны “Бөртэ чоно” цомыг чөлөөт бөхийн ДАШТ-ий хошой мөнгөн медальт, гавьяат тамирчин О.Пүрэвбаатар хүртэж байв. Харин энэ цомыг хамгийн олон хүртсэн нь олимпын наадмын хүрэл, ДАШТ-ий алт, хүрэл медальт, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар бөгөөд тэрбээр 2004, 2006, 2009 онд “Бөртэ чоно”-ын эзэн болж байжээ.