А.Баярмаа: Инээвэл залуужих юм байхдаа гэж бодсон чинь комеди хийснээс хойш үрчлээ нэмэгдчихсэн шүү дээ

А.Баярмаа: Инээвэл залуужих юм байхдаа гэж бодсон чинь комеди хийснээс хойш үрчлээ нэмэгдчихсэн шүү дээ

Эмэгтэйчүүдээс бүрдсэн Монголын анхны комедиан клуб "Big Sista Crew Comedy " клубын гишүүн А.Баярмааг урин ярилцлаа. Түүний хувьд Хятад хэлний орчуулагч, маркетингийн мэргэжилтэй бөгөөд тухайн мэргэжлээрээ 13 жил ажиллаад одоо тайзны урлагт хөл тавиад чамгүй амжилттай байгаа юм.

Тэрбээр "Өмнө нь сурсан бүхэн минь өнөөдөр хэрэг болж байгаа. Хүний сурсан зүйл  эргээд  өөрийг нь бүтээж байдаг юм билээ. Заавал 18 нас хүрээд дуртай зүйлээ олох албагүй. Өөрөөр хэлбэл, хэдэн насандаа ч өөрийгөө олох боломжтой байдаг. Миний хувьд тайзны хүн болох мөрөөдлөө 30 нас хүрч, гурван хүүхэдтэй болоод биелүүлсэн. Хүмүүсийг нэгэнт гуч хүрчихсэн юм чинь бүх зүйл дууссан гэдэг хандлагатай битгий байгаарай" гэсэн юм. Ингээд түүний ярилцлагыг хүлээн авна уу.

ВИДЕО:

-ТАЙЗНАА ГАРАХ НЬ МИНИЙ БАГЫН МӨРӨӨДӨЛ БАЙСАН-

-Таны үндсэн мэргэжил маркетингийн менежер. Тэгснээ тэс өөр урлагийн салбар руу "үсрээд" ороод ирсэн нь анхаарал татаж байна. 

-Би урлагийн үзлэг, спорт наадамд идэвхтэй оролцдог, хөдөлгөөнтэй сэргэлэн цовоо хүүхэд байсан. Арван жилээ төгсөөд СУИС-ийн жүжигчний ангид элсэхээр төлөвлөж байсан ч  аав, ээжийнхээ эсэргүүцэлтэй тулгарч Хятад хэлний орчуулагчаар сурсан. Дараа нь БНХАУ-д маркетингийн чиглэлээр магистраа хамгаалахад Хятад хэл сурсан маань их хэрэг болж, 100 хувийн тэтгэлгээр суралцсан. Ингээд маркетингийн мэргэжил эзэмшин ажиллаж байлаа. Гэвч хүний хүсэж мөрөөдөж явдаг зүйл сэтгэлд, бодолд оршсоор л байдаг юм билээ. Одоо ингээд тайзны хүн болох мөрөөдлийнхөө нэг хэсгийг биелүүлчихсэн зогсож байна.

- Эмэгтэй хүн комедиан хийх хэцүү байдаг байх. Ер нь яагаад комедиан хийж эхлэх болов?

-Анх ковидын үеэр хоёр ихэр хүүхдээ төрүүлээд жирэмснийхээ амралтыг авчихсан байсан. Тухайн үед гэртээ удаан сууж, хоёр ихэр хүүхэд өсгөөд их стрессдсэн. Маш их хямраад  "Би  ямар нэг байдлаар олонтойгоо байх хэрэгтэй юм байна" гэж бодсоны үндсэнд  хоёр хүүхдээ тэрэгтэй нь түрээд комедиан хийхээр явж байлаа.  Анх "Стэнд апп комеди"-д Open mic зарлаад тэнд түрүүлсэн нь комеди хийх эрхээ олж авдаг.  Тэнд хүмүүс найзуудыгаа дагуулж очоод алга ташуулж түрүүлдэг юм байна. Гэтэл би түүнийг ч мэдэхгүй хоёр ихэр хүүхдээ хөхүүлсэн хүн сууж байгаа юм чинь. Очоод маш их сандарсан хэдий ч тайзнаа гарах үед сандрал ул мөргүй арилаад өмнө нь мэдэрч байгаагүй тухтай яг л миний байх газар юм байна гэх  мэдрэмжийг авсан. Тайзан дээр өөртөө итгэлтэй ярихад хүмүүс инээж, түүнээс урам аван нэг мэдэхэд найзуудтайгаа байгаа юм шиг марзганасан зогсож байлаа. Манай нийгэм эмэгтэйчүүдийг маш их шүүмжилж төгс байхыг шаарддаг. Жишээ нь эрэгтэй хүн эмэгтэй хүнийг ёжлохоор нийгэм тэр чигтээ жаргалтай хүлээж авдаг бол эмэгтэй хүн эрэгтэй хүнийг ярьвал их шүүмжлэлтэй хүлээж авдаг л даа. Гэхдээ дуртай  болохоор ийм зүйлээс болж шантрахыг хүсдэггүй. Ер нь эмэгтэй комедиан гэхээсээ эмэгтэй хүн байх нь ч өөрөө маш хэцүү болчихсон цаг үе байна л даа. 

- МАНАЙХАН ОЙЛГОХГҮЙ БАЙНА ГЭЭД ГОМДОЛЛОХГҮЙГЭЭР БИ ОЙЛГУУЛЪЯ ГЭЖ Л БОДДОГ-

-Комеди урлаг Монголд саяхнаас  нэвтэрсэн. Монгол хүмүүсийн энэ урлагийн тухай ойлголт төдийлөн сайн биш, хүлээж авах нь ч явцуу санагддаг. Харин гадаадад бол аль хэдийн тогтсон урлагын төрөл юм шиг санагддаг ?

Мэдээж асар их зөрүүтэй л дээ. Гаднын орнуудад комедианууд нь маш чөлөөтэй хүссэн бүхнээ ярьж, ярьж буй зүйлийг нь үзэгчид нь хөнгөн хүлээж аван тухайн үдшийг  жаргалтай өнгөрөөдөг. Манай улсын хувьд энэ тал дээр хөгжиж байгаа ч тодорхой хугацаа хэрэгтэй байгаа юм болов уу гэж хардаг. Миний хувьд комедиан заавал хараал хэлж байж хүчтэй сонсогддог. Монголчууд ойлгохгүй байна гэхээсээ илүү би яаж ойлгуулах вэ. Хүмүүс үнэн юм ярихад л инээдэг. Найзуудтайгаа уулзахад юу гоё байсан юм, шоудахад хэн нь яаж будилдаг юм гэдгийг ярих юм.  Монголд боловсролгүй хүмүүс Төрийн ордонд комеди хийдэг бол боловсролтой хүмүүс Big Sista-д комедиан хийдэг. Бид нараас хөгжилтэй хүмүүс 126 уулаа болсон байна. Ер нь тайзны уур амьсгалыг ганцаараа бүрдүүлнэ гэдэг маш их энерги шаарддаг. Хүмүүс инээхгүй болохоор нурууны хөлс гарна. Гэхдээ комеди бол өөрөө бүтэлгүйтэх урлаг юм билээ гэж Батаа хэлсэн шүү дээ. 

-Комеди сэдвээ хаанаас  олдог вэ. Ихэнхдээ өөрт тохиолдсон зүйлсээ  боловсруулж  бичсэн харагддаг? 

Комеди сэдвүүдийг сонин, сонин байдлаар түүнэ. Гэхдээ өөрт тохиолдсон зүйлсийг баяжуулж ярих дуртай. Одоо тухайн цаг мөчийг харж байгаад ярьж эхэлж байна. Инээвэл залуужина гэсэн үг байдаг. Инээвэл залуужих юм байхдаа гэж бодсон чинь комеди хийснээс хойш үрчлээ нэмэгдчихсэн. Байнга инээнэ. Хүн  бүр надаас инээд хүсдэг болсон. Хамгийн анх өөртөө тулгамдсан бухимдмаар асуудлын талаар ярьж байлаа. Хоёр ихэр хүүхдээ тэргэн дээр хэвтүүлээд памперс авахаар гартал зориулалтын зам байхгүй аймар хэцүүдэж, бухимдсан. Тэр явдлаа би хамгийн анх ярьж, "Дөрвөн хүүхэд төрүүлсэн ээжүүдэд одон гэж төмөр өгч байхаар тэрэгний зориулалтын зам тавьж өг хөгшөөн" энэ тэр гээд Ерөнхийлөгчөө хэлчихсэн. Үүний дараа намайг хүмүүс их шүүмжилж, "Төр засгаа доромжиллоо" гээд загнасан. Гар салганаж, уйлж байлаа. 

 -БИ ОЙЛГУУЛЧИХЪЯ МИНИЙ ДАРААГИЙН ҮЕ НАД ДЭЭР ДӨРӨӨЛЖ ГАРААД ИРНЭ БИЗ ГЭЖ ИХ БОДДОГ ДОО -

-Цаашдын зорилго зорилт нь юу байгаа вэ? Үзэгчдэдээ хандаж хэлэх үг байгаа юу?

Өөрт байгаа хэлний чадвараа ашиглан Англи, Хятад хэл дээр комедиан хийхээр бэлдэж байгаа. Мэдээж гаднын улсад очиж комедиан хийх зорилготой байгаа. Үзэгчдэдээ хандаж хэлэхэд хүн заавал арван найм хүрээд дуртай зүйлээ олоод  бүх зүйл нь сайхан байх албагүй ээ хэдэн насандаа ч өөрийгөө олох боломжтой байдаг миний хувьд тайзны хүн болох мөрөөдлөө гуч хүрээд гурван хүүхэдтэй болоод биелүүлсэн. Хүмүүсийг нэгэнт гуч хүрчихсэн юм чинь бүх зүйл дууссан гэдэг хандлагатай битгий байгаараа гэж хэлмээр байна.

-Манай урилгыг хүлэн авч ирсэнд баярлалаа.

-Баярлалаа