Сүүлийн үед цахим сүлжээнд богино хэмжээний бичлэг, рийл хийж, олон үзэгчид, иргэдийн хайрыг татаж, шинэ санаа, шинэ үеийг бидэнд таниулж буй залуу үеийнхэн олон болсон. Тэгвэл бид энэ удаа тэдний нэг болох Г.Нямдаваа охиныг урьж ярилцлаа. Тэрбээр одоо 12 дугаар ангийн сурагч бөгөөд маш богино хугацаанд олны хайрыг татаж чадсан юм.
Түүний хувьд энэ оны наймдугаар сараас эхлэн богино хэмжээний бичлэгүүдээ хийж эхэлсэн бөгөөд маш богино хугацаанд асар олон хүнд өөрийгөө таниулж, бичлэгээрээ дамжуулан бусдад эерэг энерги түгээж чадсан нэгэн. Түүнийг цуйван сэгсэрдэг охины тухай бичлэгээр нь хүмүүс хамгийн сайн мэддэг гэнэ. Мөн анхныхаа бичлэгийг хөдөө, ээжийнхээ дээлийг өмсөөд хийж байсан нь төсөөлөөгүй олон хүнд хүрч, хүмүүс магтаж, урамшуулж байгаа нь их гоё санагдсан тул цаашид бичлэгээ хийх болсон талаараа бидэнд ярьсан юм. Түүнчлэн тэрбээр бичлэг хийж олонд бага ч гэсэн танигдсанаар орчин үед маш олон давуу талуудыг өөртөө бий болгох боломжтой тул хүүхэд залуусыг богино бичлэг хийж, өөрийгөө нэг сориод үзэхийг уриалсан юм. Ингээд түүний ярилцлагыг хүлээн авна уу.
ВИДЕО:
-Хэзээнээс бичлэг хийж эхэлсэн талаар нь яриагаа эхэлье?
-Энэ оны наймдугаар сараас бичлэгээ тууштай хийж эхэлсэн. Анх бичлэгээ хийгээд тавья гэж огт бодоогүй. Санамсаргүйгээр тавьсан нь нэлээд их хандалт авч, маш олон хүнд хүрсэн.
-Бичлэгийг чинь харахад хөдөө ахуйтай их ойрхон хүүхэд шиг санагдсан. Гэр бүлийнхэн нь хөдөөний хүмүүс байдаг уу?
-Багаасаа хөдөө өссөн малчин айлын охин. Манай аав ээж хоёр Өмнөговь аймгийн Манлай сумын малчин хүмүүс байдаг. Аав ээж хоёр маань намайг бага байхаас малчин байсан учраас миний зуны амралт дандаа л хөдөө өнгөрдөг. Хөдөө байх их амар амгалан гоё санагддаг.
-Хүмүүс өөрийн чинь бичлэгийг үзээд, хандалт их аваад ирэхээр чамд өөрт чинь өөрчлөгдөж байгаа зүйл байгаа юу?
-Хүмүүс үзээд хандалт их аваад ирэхээр гоё байдаг. Сөрөг хандалт нэг их байдаггүй. Хүмүүс ихэнх нь эерэгээр хүлээж авдаг. Ихэвчлэн “хөөрхөн байна, гоё байна” гэсэн сэтгэгдлүүдийг бичдэг нь үнэхээр гоё.
-Анхны бичлэгээ хэрхэн хийж байв?
-Анх би ээжийнхээ дээлийг өмсөөд ягаан дээлтэй бичлэгээ анх хийсэн юм. Тухайн үед хүмүүс их үзээд хөдөө очсон юм шиг гоё санагдаж байна гэж хэлж байсан. Анх бичлэг хийж эхэлж байсан болохоор хүмүүсийн сэтгэгдлүүдийг нэг бүрчлэн уншаад үнэхээр гоё байсан. Их ч урам авсан даа.
-Одоогоор хамгийн их хандалттай бичлэг нь ямар бичлэг байна вэ?
-Хамгийн их хандалттай бичлэг нь миний цуйван хийж байгаа талаарх бичлэг. Заримдаа гадуур явж байхад хүмүүс энэ нөгөө цуйван хийдэг охин байна гээд яриад байдаг. Тухайн үед тэр бичлэгээ санаандгүй л хийчихсэн.
-Бичлэгний санаагаа хэрхэн олдог вэ?
-Бичлэгний санааны талаар нэг их боддоггүй. Тухайн үеийнхээ сэтгэл хөдлөлөөрөө л хийчихдэг. Санаандгүй байдлаар л бичлэг хийдэг гэсэн үг. Ер нь санаандгүй байдлаар хийсэн бичлэг хүмүүст их хүрдэг дээ.
-Одоо гадуур явахад хүмүүс чамайг таньж байна уу?
-Гадуур явахаар хүмүүс их таньдаг болсон байна лээ. Энд тэнд явж байхад хүмүүс нэрээр дуудаад хашхираад байдаг нь жаахан эвгүй санагддаг. Намайг мөн үү биш үү гэж шалгаж үздэг л юм шиг байгаа юм. Надад эхлээд бол их эвгүй байдаг байсан. Нэг хэсэг эвгүй санагдаад гадуур явахдаа малгай өмсөөд, маск зүүгээд явдаг байлаа. Одоо бол дасчихсан.
-Ар гэрийнхэн нь хэр дэмжиж байна?
-Ар гэрийнхэн маань ер нь маш сайн дэмждэг. Анх дэмжихгүй байх гэж боддог байсан. Учир нь ээж маань сошиал орчинд битгий зургаа тавь. Цахим гэмт хэрэг их байна гэж сэрэмжлүүлдэг байсан.
Тиймээс фэйсбүүк дээр биш, инстаграм дээр их зургаа тавьдаг байлаа. Аав бол үнэхээр сайн дэмждэг. Ээж ч бас одоо дэмждэг болсон байна лээ. Манай аав бүр сүүлд чиний дагагч чинь жаахан бага байгаад байна шүү гэсэн. Ер нь гэрийнхэндээ дэмждэгт нь их баярладаг даа.
-Чамайг үздэг хүмүүсийн ихэнх нь ямар насны хүмүүс байдаг вэ? Одоо үе тэнгийнхэн нь ч чамайг нэлээн сайн таниад ирэхээр ямар санагдаж байна?
-Намайг үздэг хүмүүсийн ихэнх нь үе тэнгийнхэн байдаг. Угаасаа нэг их сөрөг сэтгэгдэл байдаггүй болохоор надад бол гоё санагддаг.
-Эсрэгээрээ сөрөг зүйл байдаг болов уу?
-Бичлэг хийж, хүмүүст хүрээд олонд танигдахад сөрөг зүйл нэг их байдаггүй. Надад бол гоё л байдаг. Хэн нэгэн тулгаж хийлгээгүй, өөрийнхөө сонирхлоор хийдэг болохоор гоё л санагддаг.
-Хамтран ажиллах саналууд ирдэг үү? Бас бичлэгүүдээ өөрөө янзалж оруулдаг уу?
-Бичлэг хийгээд ирэхээр хамтран ажиллах саналууд их ирдэг юм байна лээ. Ихэвчлэн бүтээгдэхүүнээ сурталчлах гэх мэтээр хамтран ажиллах санал ирдэг дээ. Бичлэгүүдээ өөрөө янзалж оруулдаг. Өмнө нь бичлэг хийж байгаагүй болохоор сонин санагдаж магадгүй л дээ. Гэхдээ цаашдаа сайжрах байх л гэж бодож байгаа.
-Шүлэг уншиж байгаа бичлэгээ их оруулдаг шүү дээ. Багаасаа шүлэг уншдаг хүүхэд байв уу. Энэ нь бичлэг хийхэд давуу тал болдог уу?
-Би тавдугаар ангиасаа хойш шүлэг уншсан. Манай эгч их сайн шүлэг уншдаг хүн байдаг болохоор надад тавдугаар ангиас маань хойш шүлэг уншихыг зааж зөвлөж өгсөн. Тийм болохоор бичлэг хийхэд хоолой маань их давуу тал болдог байх гэж боддог. Бас хөтлөгч их хийдэг байсан.
Би ер нь шүлэг уншиж байгаа рийл оруулах их дуртай. Хүүхдүүд надаас бага ч гэсэн юм сурч, үлгэр дуурайлал авдаг байх гэж боддог.
-Цахим орчинд бичлэг хийдэг хүмүүс нэлээд олон болж байна шүү дээ. Залуу хүний хувьд үүнийг хэр зөв гэж боддог вэ?
-Бичлэг хийдэг хүмүүс олон болж байгаа нь зөв зүйл гэж боддог. Хүүхэд залуус ч өөрийгөө нээгээд олон сайн талтай. Мөн амжилттай явбал цаашид давуу тал болно гэж харж байгаа. Надад бол бичлэг хийж эхэлснээр бий болсон давуу тал олон байгаа. Тиймээс өөр хүүхдүүд ч бас над шиг бичлэг хийгээд, амжилттай яваад давуу талыг өөрсдөдөө бий болгоосой гэж хүсэж байна.
-Өөрийн хувьд бичлэгүүд нь дандаа эерэг байдаг юм шиг санагддаг. Ер нь цахим хуудсаараа дамжуулан нийгэмд эерэг зүйл түгээхийг хүсдэг үү?
-Цахим сүлжээнд эерэг зүйл түгээхийг хүсдэг. Миний бичлэгийг үзээд хүмүүс бага ч гэсэн инээж, эерэг энерги аваасай гэж бодож бичлэгээ хийдэг. Ер нь сөрөг зүйл сошиал сүлжээнд их муухай харагддаг. Тийм болохоор аль болох эерэг зүйл хүргэхийг зорьдог доо.
-Ирээдүйд ямар мэргэжилтэй хүн болно гэж бодож байна?
-Ирээдүйд жүжигчнээр сурч, жүжигчин болно гэж боддог байсан. Гэтэл сая 12 дугаар ангид ороод сонирхол маань жаахан өөрчлөгдсөн. Одоо олон улсын харилцаагаар сурахаар бэлтгэж байгаа. Цаашдаа гадаад явж сурахыг зорьж байна даа.
-Бичлэгээ цаашдаа ч хийгээд явах уу? Бас үзэгчдэдээ хандаж хэлэх зүйл, бичлэг хийхээр төлөвлөж буй залууст хандаж зөвлөх зүйл байгаа болов уу?
-Бичлэг хийхээр төлөвлөж байгаа хүүхдүүд өөрийнхөөрөө байх л хэрэгтэй байх. Гэхдээ сайн хэлж мэдэхгүй байна. Хүүхдүүд бас надаас яаж ийм их хандалттай болсон бэ гэж маш их асуудаг. Надад бол их хандалттай болсон тусгай арга гэж байхгүй ээ. Миний хувьд цаашдаа ч бичлэгээ хийгээд явна. Одоо юүтүб дээр бичлэг хийж эхэлж байгаа. Цаашдаа ч сошиал хаягуудаа хөгжүүлээд бичлэг хийгээд явна. Мөн намайг цахим сүлжээнд дагаж, үзэж, дэмждэг бүх хүмүүстээ баярлалаа. Цаашдаа илүү олон эерэг зүйлсийг хүргэж байх болно. Ярилцлагад урьсан I see.mn сайтын хамт олондоо их баярлалаа.