Өнөөдөр буюу /2024.11.29/-ний өдрийн НИТХ-ын хуралдаанаар агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр нийслэлийн хэмжээнд авч хэрэгжүүлж буй ажлын талаарх мэдээллийг сонслоо.
Энэ үеэр нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга П.Эрхэмбулган: “Дэлхийн хэмжээнд тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн тэргүүлэх хоёр шалтгааны нэг нь агаарын бохирдол орж байна. Нэгдүгээр байранд хоол тэжээлийн дутагдал гэж үздэг. Манай оронд яг агаарын бохирдлын улмаас өвчлөлд шууд нөлөөлж байна гэсэн судалгаа хийгдээгүй боловч сүүлийн арван жилийн өвчлөлийг авч үзвэл шинээр бүртгэгдсэн уушгины хорт хавдар болон уушгины насанд хүрэгчдийн хавдрын өвчлөлийг аваад үзэхэд өвчлөл төдийлөн буурахгүй байгаа. Гэхдээ огцом өссөн хандлага байхгүй байгаа. Агаарын бохирдлын хүний биед үзүүлэх гол нөлөөнүүдийн нэг бол амьсгалын замаас гадна зүрх судасны өвчлөл байдаг. Хүн амын дунд зүрх судасны өвчлөл тогтмол нэмэгдэж байна. Мэдрэлийн системийг гэмтээдэг гэдэг. Үүнтэй холбоотой хүүхдийн аутизм өсдөг гэдэг судалгаанууд байдаг. Аутизмын 2014 оноос хойшхи тохиолдлыг авч үзвэл тогтвортой өсч байна. Харьцуулахад 2014 онд 30 тохиолдол бүртгэгдэж байсан бол 2023 онд 1732 тохиолдол оношлогдсон. Шууд хамаарал гэж үзэх нь учир дутагдалтай. Үүнд эмчилгээний оношлох чадвар өссөнөөс гадна агаарын бохирдол мөн нөлөөлсөн байх боломжтой гэж үзэж байна” гэв.