УИХ-аар 2025 оны төсвийг хүчингүй болгож, Засгийн газар дахин өргөн барихаар болов

УИХ-аар 2025 оны төсвийг хүчингүй болгож, Засгийн газар дахин өргөн барихаар болов

2025 оны төсөвт Монгол Улсын Ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавьсан. Хоригийг УИХ хүлээн авсантай холбогдуулан хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах дэгийн тухай хуулийн төслийг үдээс өмнөх хуралдаанаар хэлэлцэв.

Ч.Лодойсамбуу гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх дэгийг боловсруулан УИХ-аар хэлэлцүүлсэн ч парламент уг хуулийн төслийг дэмжсэнгүй. Ингэснээр 2025 оны төсвийн төслийг хүчингүйд тооцож, Засгийн газар алдагдалгүй төсвийг боловсруулж дахин хэлэлцүүлэхээр болов. Ингэснээр Ерөнхийлөгчийн хориг ч хүчингүй болж байна. 

Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан: Санал хураалтад оролцохдоо би дэмжсэн санал өгсөн. Гэтэл эсрэг санал гарсан. Надтай адил санал эсрэгээр дэмжээгүй гэдгээр гарсан гишүүн олон байсан. Дэмжсэн 55 гишүүнээс гадна санал нь эсрэгээр гарсан 9 гишүүн хангалттай байсан шүү. Хэдүүлээ гарц ярих хэрэгтэй болж байна. 2025 оны төсвийг Засгийн газар шинээр өргөн барих тохиолдол үүслээ гэхэд зохицуулсан дэг байхгүй. Дэгийн тухай хуулиар есдүгээр сард Засгийн газар төсөв эсвэл тодотгол өргөн барих зохицуулалттай байгаа. Өргөн барьснаас хойш хэлэлцээд, хориг тавиад, дахин өргөн барих дэгийн зохицуулалт байхгүй учраас цонх үүсэж байна. Байнгын хороонд ярьсан шиг арванхоёрдугаар сарын 10-нд гээд хугацаа заачихвал бүр амжихгүй. Төсвийг зургаан сар бэлддэг. Энэ бүх процесс ирэх сарын 10-нд яагаад ч багтахгүй. Төсвийг 22 төрлийн жагсаалт бүхий бүрдүүлэлттэйгээр өргөн барих хуультай. Нэг нь дутуу байвал УИХ хүлээн авахгүй.Төсвөө баталж чадахгүй бол 220 мянган төрийн албан хаагч ирэх онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 680 мянган төгрөгөөр цалинжина. Ипотек яаж олгох вэ. УИХ-ын дарга аа үдээс өмнөх дэмжигдээгүй Дэгийн тухай хуулиа дахиад хэлэлцэж болно, гарц байгаа. Үүнд Засгийн газрын санал дээр үндэслэн УИХ хэлэлцэнэ гэж үүрэг өгсөн байна. Танаж хасах хэмнэхээс айгаад шийдвэр гаргаж чадахгүй байгаа бол Засгийн газар саналаа оруулж ирээд хэлэлцээд явъя. Засгийн газар дээрээ галаа аваад явъя, бид хариуцлагаа хүлээе гэв.

Төсвийг хүчингүйд тооцсон УИХ-ын тогтоолын төсөлд 2024 оны арванхоёрдугаар сарын 10-ны дотор Засгийн газар шинэ төсвийг өргөн мэдүүлэхийг даалгав.




Өнөөдөр луу өдөр

5 цагийн өмнө