УИХ-ын чуулганы өнөөдрийн /11.29/ нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсантай холбогдуулан хууль, тогтоолын төслийг хэлэлцэх дэгийг хэлэлцлээ. Нэг удаагийн дэг боловсруулах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу ахалж байна.
УИХ нь Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсан атлаа хэлэлцэх дэгийг баталж чадахгүй нөхцөл байдалд ороод байгаа юм.
Тэгвэл хэлэлцэж буй асуудлаар УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: Бид нарын боловсруулсан дэгээр явсан бол уг нь амар байх байсан юм. Сайд нар өөрсдөө эсрэг санал өгөөд унагачихсан. Эргээд хүчингүй болгохыг дэмжээд явлаа гэхээр дахиад Засгийн газар өргөн барина. Буруу, зөрүү ойлголт их байна. Засгийн газраас алдагдалгүй төсөв оруулж ирэнгүүт УИХ нь алдагдалтай муухай болгочихсон юм шиг ойлголт олон нийт рүү түгээд байна. Засгийн газар, Сангийн яам, Сангийн сайд алдагдалгүй төсөв оруулж ирэх хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх шаардлагатай. Одоо эхнээсээ хэлэлцэх нь. Ард нь хүлээгдэж буй ажил их байна. Төрийн бүх ажил зогсох дээрээ тулж байна. Хэлэлцэх хугацаагаа яаж тогтоох юм. Бид дэг дээрээ нарийн хэлэлцэх шаардлагатай.
УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа: УИХ хоригийг хүлээж аваад ажиллаад явнаа гэсэн бол Дэгийн тухай хуулийг хүлээж авах байсан. Харамсалтай нь УИХ дэмжихгүй гэж байгаа бол Засгийн газар руу буцаахаас өөр аргагүй. Цаг хугацааны хувьд шахаж ажиллахгүй бол нийслэл, аймаг, сум дүүргүүд төсвөө хэлэлцэж амжихгүй болчих гээд байна. Засгийн газраас яаралтай өргөн барьчихвал бид хэлэлцэхэд бэлэн. Сэтгэл нь ханахгүй юм шиг хандмааргүй байна. Бид нар хэлэлцье гэхээр дэгийг дэмжихгүй. За тэгвэл Засгийн газар өөрсдөө оруулаад ир гэхээр бас дэмжихгүй. Яг яана гээд байгаа юм бэ. Хамаг ажил нуман тулгуурт ороод таг зогсчихлоо. Засгийн газар дахин боловсруулж өргөн барихаас өөр аргагүйд хүрлээ.
ВИДЕО: